ОСКАР МАМЕНЫ ЕРТӨНЦ БА МОНГОЛЧУУД
(Үзэсгэлэнгийн нээлт)
Чингис хаан Үндэсний музейд 2023 оны зургадугаар сарын 16-ны 15:00 цагт Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” (Mongols in the Memories of Oscar Mamen) сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн, Монгол Улсыг хамаарагч Норвегийн Хаант Улсын ЭСЯ, Монгол Улсын ГХЯ-наас хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн зургадугаар сарын 16-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Норвегийн нэрт аялагч, адал явдлын эрэлчин, цуглуулагч, бизнесмэн Оскар Мамен (1885-1955) нь Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсаар 30 гаруй жил аялжээ. Үр ач нар нь түүний аяллын цуглуулга болох 10,000 гаруй гэрэл зураг, 500 эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэлийг 2017 онд Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан байдаг.
“Оскар Мамены ертөнц ба Монголчууд" үзэсгэлэнд түүний Монголд байхдаа цуглуулсан ховор үзмэр, эх сурвалжийн нэгээхэн хэсэг нь л дэглэгдсэн бөгөөд гэрэл зурагтаа нүүдэлчдийн бэлчээрийн мал аж ахуйн өвөрмөц байдлыг Нийслэл хүрээний дүр төрхтэй хослуулан тусгаснаараа онцлогтой.