Ерөнхий захирал Лайос Кемески тэргүүтэй Унгар Улсын Будапештын Угсаатны зүйн музейн төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейн урилгаар ирж Монголын музей, судалгааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Хоёр музей дараах чиглэлээр хамтран ажиллах гэрээг 2022 оны 11 дүгээр сард байгуулсан юм. Үүнд:
- Будапештын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Монголтой холбоотой үзмэр эд өлгийн зүйлсийн талаар шинжлэх ухааны хайгуулын судалгаа явуулах боловсон хүчнийг хамруулах;
- Дээрх хамтарсан судалгааны ажлын үр дүнд Монголтой холбоотой үзмэрүүдээр олон орны хэлээр каталог хэвлэн гаргах;
- Музейн мэргэжлийн туршлагаа хуваалцах зорилгоор мэргэжлийн боловсон хүчин солилцох;
- Хэвлэн гаргасан материалуудаа солилцож байгууллагын номын санг баяжуулах;
- Чингис хаан Үндэсний музейгээс бэлтгэсэн түр үзэсгэлэнг Будапештын угсаатны зүйн музейд зохион байгуулах;
- Чингис хаан Үндэсний музейд Будапештын Угсаатны зүйн музейн цуглуулгаас түр үзэсгэлэн гаргах;
- Хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар орчин үеийн сургалт, боловсролын үйл ажиллагаанд хамтран ажиллах зэрэг болно.
1872 онд байгуулагдсан Будапештын Угсаатны зүйн музей бүхий л тивийн улс орнуудын амьдралын хэв шинжийг судлаж иржээ. Тус музейд 230,000 гаруй эд өлгийн зүйлс, 500,000 гаруй гэрэл зураг, кино, 150,000 минутын ардын дуу хөгжмийн бичлэг, 25,000 зураг, хэвлэмэл материал, 1,600,000 хуудас гар бичмэл хадгалагддаг. Улс үндэстнийхээ музей судлалын гол байгууллага байж ирсэн уг музейн шинэ барилга ашиглалтад орсноор Европын хамгийн том угсаатны зүйн музей болоод байна.
https://www.neprajz.hu/en/muzeumrol/the-main-building.html
Музейн ерөнхий захирал Лайос Кемески болон тус музейн төлөөлөгчид зургадугаар сарын 26-ны Даваа гарагт 15:00 цагт Будапештын Угсаатны зүйн музейгээ дэлгэрэнгүй танилцуулна. Танилцуулга уулзалт Чингис хаан Үндэсний музейн VII давхрын хурлын танхимд болно. Олон нийтэд нээлттэй.