image
clock
2023-08-11
“СОЛОНГОС УЛСААС БҮРТГЭГДСЭН ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВ ПЭГЖЭГИЙН ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗАР” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

БНСУ-ын нутаг дэвсгэрт (НТ538-660 онд) оршин тогтнож байсан, 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Пэгжэгийн түүхэн дурсгалт газрыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт наймдугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагт Чингис хаан Үндэсний музейн I давхарт боллоо.

“Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв Пэгжэгийн түүхэн дурсгалт газар” үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музей болон БНСУ-ын Бүёогийн Үндэсний музейн хооронд 2022 оны 11 дүгээр сард байгуулсан “Соёлын солилцоо, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулж буй олон ажлын нэг бөгөөд Чингис хаан Үндэсний музейн анхны гадаадын үзэсгэлэн болж байна.

Нээлтийн ёслолын тууз хайчлах хүндэт зочноор БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ким Жунгү, Пэгжэгийн Дэлхийн өвийн төвийн захирал И Гүйёон, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Кимхэгийн Үндэсний музейн захирал Юүн Хёнвон, ОУ-ын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Агнеш Бирталан, Төв Азийн нийгэмлэгийн тэргүүн, Дунгүг их сургуулийн профессор Ким Жангү нар оролцов.

Монголын эртний төрт улс болох Түрэгийн хаант улсын адил нэгэн цаг үед БНСУ-ын газар нутагт оршин тогтнож байсан Пэгжэ улс нь тухайн цаг үедээ Хятад, Пэгжэ, Япон улсыг холбож байсан эртний Зүүн Азийн харилцааны идэвхтэй төв байжээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан Пэгжэ улсын сүүл үе (475-660)-ийн соёлыг төлөөлөх Хааны ордны туурь, хэрэм цайз, хийдийн туурь, хаадын бунхан зэрэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн найман дурсгалыг сурталчлан таниулахын сацуу Пэгжэгийн үед холбогдох, өнөөгийн Бүёо хотын бэлгэ тэмдэг болсон “Алтан бойпор” тэргүүтэй гурван ширхэг хосгүй үнэт дурсгалын хуулбар үзмэрийг дэглэжээ.

Түүнчлэн Пэгжэгийн үеийн хувцас хэрэглэл, хээ хуарыг сурталчилсан хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд явагдаж байна.