Чингис хаан Үндэсний музейд 2023 оны наймдугаар сарын 11-нд “Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк, анхны өдрийн дугтуйны нээлтийн ёслол боллоо.
“Монголч эрдэмтэд” сэдэвт энэхүү марк нь Олон улсын Монголч эрдэмтдийн их хурлыг тохиолдуулан гаргаж буй хоёр дахь удаагийн багц марк юм.
Анх 1959 онд хуралдсан Олон улсын монголч (монгол хэл бичгийн) эрдэмтдийн анхдугаар их хуралд зориулсан “Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал” сэдэвт таван нэрийн маркт Худам монгол, Дөрвөлжин, Тод, Соёмбо, Кирил үсэг, бичгээр “Монгол” хэмээх үгийг бичсэн байдаг.
Энэ удаад, Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлыг тохиолдуулан гаргаж буй энэхүү “Монголч эрдэмтэд” сэдэвт хэлхээ маркт Монголын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Жамсрангийн Цэвээн (1881-1942), Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич Борис Яковлевич Владимирцов (1884-1931), Америкийн монголч эрдэмтэн, профессор Оуэн Латтимор (1900-1989), Австрийн нэрт монголч эрдэмтэн, профессор Вальтер Хэйссиг (1913-2005), Японы нэрт монголч эрдэмтэн Шигэо Озава (1926-2017), Австралийн монгол судлалыг үндэслэгч, нэрт эрдэмтэн Игорде Рахевилц (1929-2016) нарын хөрөг, зохиол бүтээлийн дээж, 12 удаагийн их хурлын лого зэргийг дүрсэлжээ.
Ийнхүү тив тивийн төлөөлөл болж дэлхийн Монгол судлалд үнэт хувь нэмэр оруулсан эрдэмтдийн түүхэн гавьяа монгол маркт мөнхөрлөө.