“Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Буган чулуун хөшөөний баримлыг будацгаая” сэдэвчилсэн тайлбарт аялалтай дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөр дараах үе шаттай явагдана.
- Чингис хаан Үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхимд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж сонирхон, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, танин мэдэхүйн мэдээлэл олж авна. Мөн AR технологи ашиглан буган чулуун хөшөөтэй илүү ойроос танилцана.
- Музейн боловсролын танхимд зочлон Чингис хаан Үндэсний музей дэх буган чулуун хөшөөдийн онцлог төлөөлөл болох хүний нүүр дүрслэгдсэн Уушгийн өврийн буган чулуун хөшөөний бяцхан баримлыг хүссэн загвараараа будан, өөрийн бүтээл болгон авч үлдэх боломжтой.
Хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сарын 16-19, 23-26-ны өдрүүдэд явагдана. Үргэлжлэх хугацаа 60 минут.