Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 15-нд угсаатны зүйч Балжингийн Отгонбаатар агсны судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс бүрдсэн “Монголын угсаатны зүйн судалгаа” хоёр боть номын нээлт болов.
Нээлтийн үйл ажиллагаанд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Цэрэнханд нар үг хэлж, Б.Отгонбаатар агсны охин О.Намуун онлайнаар мэндчилгээ дэвшүүлэн, талархал илэрхийлэв. Мөн Б.Отгонбаатар агсны гэргий Н.Наранзул “Монголын угсаатны зүйн судалгаа” хоёр боть бүтээлийг танилцуулж, бүтээлийн дээжээс зочдод гардууллаа.