image
clock
2023-11-17
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ЗУЛ АЛДАР ХААН” ТУУЛЬ ХАЙЛАВ


“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.

Энэ удаад их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар “Зул Алдар хаан” тууль хайлав.

Ёслолын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар зочдод тайлбарлаж, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор О.Отгонбаатар "Монгол туульс нь үндэстний хэл, соёл, түүх утга зохиол, урлаг, уран сайхны сэтгэлгээний нэг гайхамшигт эх сурвалж болох нь" сэдэвт илтгэл тавив.

Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.