image
clock
2023-11-24
“БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ХӨЛӨГТ ТОГЛООМ, СЭДЭВЧИЛСЭН ТАЙЛБАРТ АЯЛАЛ ХОСОЛСОН ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭВ

“Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Буган чулуун хөшөөг хэн сайн мэдэх вэ?” хөлөгт тоглоом, сэдэвчилсэн тайлбарт аялал хосолсон танин мэдэхүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

Хөтөлбөрт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн I дамжааны оюутнууд хамрагдаж, Монголын эртний төрт улсын танхимд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж сонирхон, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, танин мэдэхүйн мэдээлэл олж авав. Мөн AR технологи ашиглан буган чулуун хөшөөтэй илүү ойроос танилцлаа. Хүүхдүүд музейн боловсролын танхимд зочлон Чингис хаан Үндэсний музейд буй буган чулуун хөшөөдийн сийлбэр бүхий модон хөлөгт тоглоомоор тоглож, буган чулуун хөшөөдийн тухай оногдсон асуултад хариулж өрсөлдөн, тайлбарт аяллаас олж авсан мэдлэгээ хөгжилтэй аргаар бататгалаа. Хөтөлбөрийн үеэр тоглоомын ялагчийг тодруулж ялагчийн цом болон музейн боловсролын хөтөлбөрийн бэлдэц хэрэглэгдэхүүнээр шагнаж урамшуулав.