“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулах ёслол 2023 оны 12 дугаар сарын 28-нд Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан юм.
ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэгдсэн батламжийг Соёлын дэд сайд М.Батбаяр Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан болон цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өгөв.