image
clock
2023-12-31
МЭНДЧИЛГЭЭ

Чингис хаан Үндэсний музей 2022 оны 10 дугаар сарын 11-нд нээлтээ хийж, олон нийтэд үйлчилж эхэлсэн цагаас эрдэм шинжилгээ, судалгаа, соёл боловсрол, аялал жуулчлалын томоохон төв болж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд музейн хамт олон 270-аад мянган үзэгчид үйлчилж, “Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал”, Франц улсын Нант хотын Бреттанийн Гүнгийн ордон - Түүхийн музейд "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн, музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын нээлт зэрэг өргөн цар хүрээтэй 200 гаруй арга хэмжээг зохион байгуулжээ.

Мөн Соёлын яамнаас орон даяар зохион байгуулсан “Соёлын сэргэлт-2023” аянд идэвхийлэн оролцож, Төв аймгийн Соёл, урлагийн газрын удирдлага, “Монгол туургатан” театрын уран бүтээлчдийн хамт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 6200 км зам туулж, Монголын хамгийн олон сумтай Төв аймгийн 27 сум тус бүрт хүрч очин, 20 мянга гаруй хүнд 8-9 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллав.

Ололт, амжилтаар дүүрэн 2023 оныг бидэнтэй хамт өнгөрүүлсэн эрхэм үзэгч та бүхэнд шинэ оны мэндийг дэвшүүлж, 2024 ондоо түүх, соёлын гайхамшигт өвийг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах бахархалт үйл хэргийг хамтдаа биелүүлэхийг хүсэн ерөөе!


Чингис хаан Үндэсний музей