ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгч, доктор Л.Ишцэрэн өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд “Төмөр ба монголчууд” лекц уншлаа. Монгол орноос олдсон төмрийн хамгийн эртний олдвор НТӨ V зууны төгсгөл, IV зууны эхэн үед хамаарна. Увс аймгийн Улаангом сумын нутаг дахь Чандмань соёлын 53 булшин дотор төмөр эдлэл 37 байжээ. Үүний 19 нь төмөр хутга, 4 нь байлдааны зээтүү, 2 нь морины тоног хэрэгсэл, бусад нь юу болох нь тодорхой бус.
Монголчууд өөрсдөө Хүннүгийн үеэс төмөр боловсруулж эхэлснийг нотлох баримт олон бий. Гарцаагүй нотолгоо бол хүдэр хайлуулах, модны нүүрс гаргаж авах зуух юм. Сэлэнгэ аймгийн нутаг дахь Ноён уулаас холгүй орших Булагийн амнаас Хүннүгийн хүдэр хайлуулах зуух илрүүлсэн. Монгол, Японы судлаачид хамтран, 2013 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хустын булагаас илрүүлсэн төмөр хайлуулах зуух НТӨ II зууных гэдгийг 2016-2017 онд модны нүүрсэнд нь хийсэн шинжилгээгээр тогтоосон. Дорнод аймгийн Баяндун сумын Зүүн-Үлийн адгаас хүннүчүүдийн хүдэр хайлуулах зуух олныг олсон. Энэ нь НТӨ II-V зуунд хамаарна. Дайн хийхийн тулд аливаа улс өөрсдөө хүдэр олборлож, боловсруулан, зэвсгээ үйлдвэрлэх шаардлагатай. Хүннүчүүд үүнийг бүгдийг өөрсдөө хийдэг байжээ. Бусдаас зэвсэг худалдаж аваад, эргээд дайтдаг байгаагүй гэдгийг эдгээр олдвор нотолж байгаа юм” гэж ярилаа.
Төмрийн хүдэр хайлуулахад модны нүүрс хэрэгтэй. Тэгвэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаас модны нүүрс хийх зуух олджээ. Төмрийн хүдрээ хаанаас авч байсан бэ гэдэг асуултын хариулт нь Хэрлэн гол дагуух Ихгутайн ам, Бэргийн овооны хүдрийн орд болно. Хүдрийг өвөл олборлож, зун хайлуулдаг байсан ажээ.