Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 2 дугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр өнөөдөр гэргий Элке Бюденбендэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочилж, Монгол-Германы “Хархорин” болон “Орхон” экспедицийн илрүүлсэн түүхэн олдворуудтай танилцав.
“Чингис хаан: Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2026 онд Германд дэлгэнэ. Үүнтэй холбоотойгоор тус музейд зочилсон юм. Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр музейн хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээлээ. Энэ үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсанд 37 дахь номоо герман хэлээр бичсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.