Музейн үзмэр яг л хүн шиг, хаана илүү сайхан нөхцөл байна, тэнд илүү сайн хадгалагдана. Юугаар хийсэн бэ гэдгээс хамаарч, үзмэр бүрийг хадгалах нөхцөл өөр. Чулуу, металл материалтай үзмэрийг 18-22 хэмийн дулаан нөхцөлд хадгалах бол модоор хийсэн үзмэрийг 18-20 хэмд байлгах шаардлагатай. Аливаа үзмэрийг хамгийн ихдээ 150 люкс гэрлээр гэрэлтүүлнэ. Гэрлийн нөлөөгөөр үзмэрийн материалд фотохимийн өөрчлөлт явагдан, үзмэр шарлах, харлах, гандах зэрэг сөрөг нөлөө илэрч, бүтэц нь хэврэгшинэ.
Модоор хийсэн үзмэрийн шилэн хоргон доторх агаарыг 19-23 хэмд, агаарын чийгшлийг 35-55%-д тогтмол байлгаж, гэрлийг нь 50 люкс дээр тааруулна. Гэтэл уг үзмэрийн өмнө хэн нэгэн хүн зургаа авахууллаа гэж бодъё. Видео камер, зургийн аппарат, гар утасны гэрлийн нөлөөгөөр шилэн хоргон доторх гэрлийн хэмжээ нэмэгдэж, 50 люксээс хэтэрнэ. Үүний нөлөөгөөр уг үзмэр гэмтэнэ. Гэмтэл нь тэр даруй мэдэгдэхгүй ч аажмаар илэрнэ. Ийм байдлаар үзмэр “үхдэг”. Сэргээн засах боломжгүй, ямар ч хэрэггүй болохыг үзмэр үхэх гэж мэргэжлийнхэн ярьдаг юм. Газар доор, булшин дотор он удаан жил болсон эд зүйлийг нярай хүүхэд шиг нандигнахгүй бол амархан үхнэ. Тиймээс л музейд дураараа зураг авч болдоггүй юм шүү дээ.