image
clock
2024-02-29
Музей үзэх соёлыг хэвшүүлцгээе

Соёлын сайдын тушаалаар төрийн болон орон нутгийн бүх музей 3-р сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Өнөө жил Чингис хаан Үндэсний музей “Музейн нээлттэй өдрүүд 2024”-ийн хүрээнд 3-р сарын 1-7-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд “Музей үзэх соёлыг хэвшүүлцгээе” уриан дор үзэгчдийг хүлээж авч, үйлчилнэ.

Чингис хаан Үндэсний музейн 1-р давхар дахь үзэсгэлэнгийн танхимд зураач О.Доржготовын хүрээ хийдийн сэдэвт монгол зургийн “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг үзэх боломжтой. Үүний дараа музейн сэдэвчилсэн тайлбарт аялалд гарах юм. Дараа нь “Монголчуудын наран, саран шүтээн”, “Гүюг хааны тамганы дардас” ил захидлын хөтөлбөр, “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаарай. 

Чингис хаан Үндэсний музейг үзэхэд 2-3 цаг зарцуулна гэдгийг анхаарна уу. Хамгийн эхний үзэгчийг 09:00 цагт, сүүлчийн үзэгчийг 16:00 цагт дотогш оруулна.

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр музейгээр үйлчлүүлэх үзэгчдийн урт дараалал үүсдэг. 2023 онд “Музейн нээлттэй өдрүүд”-ээр Чингис хаан Үндэсний музейг нийт 18.094 үзэгч үнэгүй үзсэн. Нэг өдөрт 2585 хүн манай музейг үзжээ. Өнөө жил Чингис хаан Үндэсний музей 7 хоног иргэдэд үнэгүй үйлчлэх тул үзэгч та бүхэн нэг өдөрт бөөнөөрөө оочирлолгүй, тухтай үйлчлүүлээрэй. 

Жилийн өмнөх “Музейн нээлттэй өдрүүд”-ээр 6758 хүүхэд Чингис хаан Үндэсний музейд ирсэн нь нийт үйлчлүүлэгчийн 40 орчим хувийг эзэлж байв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 0-16 насны хүүхдэд үнэгүй үйлчилдэг. Тиймээс хүүхдүүд хэдийд ч музей үзэх боломжтой. “Музейн нээлттэй өдрүүд”-ээр хүүхдүүд урт дараалалд удаан зогсох, томчуудтай шахцалдах, даарах, ханиад томуу тусах эрсдэлтэй. Иймд хүүхдүүдийг бусад үед ангиараа, найзуудтайгаа хамт ирж, Чингис хаан Үндэсний музейг тухтай үзэхийг уриалж байна.

Музей үзэхдээ баримтлах соёл, анхаарах болон мэдүүштэй зүйлсийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас аваарай.

·        Цахим хуудас: chinggismuseum.com

·        Фэйсбүүк хуудас: Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum

Үзэгч Та бүхэн музей үзэх соёлоо баримтлан, боловсон үйлчлүүлээрэй.

МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!