Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Э.Бат Орших:
-“Музейн нээлттэй өдрүүд" ямар болж байна вэ?
-Соёлын яамнаас ийм арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна. Түүх, соёлоо танин мэдэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд маш тустай үйл явдал болж байна.
-Танай гэр бүл хэд дэх музейгээ үзэж байна вэ?
-Хамгийн түрүүнд Чингис хаан Үндэсний музейг үзэж, Чингис хааныхаа талаар хүүхдүүдээ мэдүүлэх, ойлгуулах гээд зорьж ирлээ. Монгол Улс улс шиг, монголчууд үндэстэн шиг оршин тогтнож байгаа нь хэний ач гавьяа билээ дээ. Үүнийг мартаж болохгүй. Эхний ээлжинд Чингис хаан Үндэсний музейг хүүхдүүддээ үзүүлж, түүх, соёлыг нь мэдүүлнэ. Дараа нь танин мэдэхүйн ач холбогдолтой музейнүүдийг үзүүлнэ. Байгалийн түүхийн музейг үзэх, үлэг гүрвэл харахыг хүүхдүүд маань их хүсэж байгаа.
-Музейн үйлчилгээ хэр байна вэ?
-Үйлчилгээ сайн байна. Сайхан хүлээж авлаа. Үзэгчид маань бас музейгээ соёлтой үзээрэй.
-Танайх гэр бүлээрээ үндэсний хувцсаа өмссөн нь сайхан харагдаж байна. Музейд үндэсний хувцсаа өмсөж ирсний учир юу вэ?
-Их эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэсэн музейд ирж байгаа учраас хүндэтгэлээ. Өнөөдөр бас Эх орончдын өдөр. Эх оронч үзлийг хүүхдүүддээ багаас нь төлөвшүүлэхийн тулд бид үндэсний хувцсаа аль болохоор өдөр тутам өмсдөг байх нь чухал. Үндэсний хувцсаа өнөөдрийн нийгэмдээ тохируулаад, боломжоороо өмсөөд явж байна.