image
clock
2024-03-02
И.Баярмаа: Гадаад явахаасаа өмнө Чингис хаан Үндэсний музейг үзэх хэрэгтэй гэж бодсон

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн И.Баярмаатай ярилцлаа.

-Чингис хаан Үндэсний музейг хэд дэх удаагаа үзэж байна вэ?

-Анх удаа ирж байна. Бид хэд хоцроод, музей хаалгаа барьсан хойно ирсэн. Гэсэн ч биднийг дотогш орууллаа. 16:00 цагт үүдээ бариад, 17:00 цагт хаана гэсэн. Хаатал нь ганц цаг ч болов хүүхдүүддээ үзүүлье гэж гуйгаад, ороод ирлээ. Хоцорсон нь миний буруу л даа.

-Музей дотор тэргэнцэртэй явахад ямар байна?

-Цахилгаан шаттай болохоор асуудалгүй байна. Давхар хооронд цахилгаан шатаар явж байна. Энэ музейг сайхан тохижуулжээ. Хүүхдүүдэд үзүүлэхэд дажгүй юм байна.

-Музей хэр санагдав?

-Хүүхдүүд маань музей үзье гэж гуйгаад байсан болохоор би ажлаасаа чөлөө аваад, эднийгээ дагуулаад ирлээ. Бид гадаад явах төлөвлөгөөтэй байгаа. Явахаасаа өмнө Чингис хаан Үндэсний музейг үзэх хэрэгтэй гэж бодсон. Тэнд очоод, гадаадынханд эх орныхоо талаар ярих юмтай, Монголын талаар асуувал хэлэх үгтэй байх хэрэгтэй шүү дээ. Үзүүлж амжихгүй байсаар гадаад явчих вий дээ гэж санаа зовж байлаа.

-16 хүртэлх насны хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг хэдийд ч хэдэн ч удаа үнэгүй үзэж болно. Та нар гадаад явахаасаа өмнө олон музей үзэж, Монголынхоо түүх, соёлын талаарх мэдлэгээ тэлээрэй.

-Тэгнэ ээ. Дахиад заавал ирнэ. 

МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!