image
clock
2024-04-16
“ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ ТАВ ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол улсад аялал жуулчлалын улирал эхлэж буйтай холбогдуулан Чингис хаан Үндэсний музей, Нийслэлийн аялал жуучлалын газартай хамтран 2024 оны 04 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд “ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ” сургалтыг 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хөтөч, тайлбарлагч нарыг түүх, соёлын өвд суурилсан тайлбарын арга зүйд сургах, музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үзмэр, үзүүллэгийн үндсэн үзэл санааг ойлгож олон нийтийн хэллэгээр насны бүлэгт тохируулан тайлбарлах, музейд үйлчлүүлэх соёлын талаар таниулахад оршино.

Аялал жуулчлалын салбарын хөтөч, тайлбарлагч нарт Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон дэд профессор Л.Эрдэнэболд (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн (Ph.D), профессор С.Цолмон (Ph.D) нарын эрдэмтэд Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс, эх сурвалжид тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэн лекц уншиж, үзүүллэгийн танхимуудад Чингис хаан Үндэсний музейд шинээр нэвтрүүлээд буй “ORPHEO” брэндийн хөтөч тайлбарлагчийн төхөөрөмж ашиглан тайлбар хийв.

 Мөн хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургагч багш Б.Мөнхбат “Музейд тайлбар хийх арга зүй”, Чингис хаан Үндэсний музейн тайлбарлагч О.Энхцолмон “Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх нь” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.

Сургалтад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 18 байгууллагын 54 хөтөч, түүн дотор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны тайлбарлагч нар хамрагдаж, 2024 оны турш Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх албан ёсны эрх бүхий үнэмлэх, сургалтын гэрчилгээг гардан авлаа.

Энэ удаагийн сургалтаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулж, хөтөч тайлбарлагч нар жуулчдаас нийтлэг ирдэг асуултуудыг бусадтайгаа хуваалцаж, туршлага солилцохын зэрэгцээ зочин эрдэмтдээс өөрсдийн сонирхсон сэдвээр асуулт асуун санал зөвлөмж авч нээлттэй ярилцсанаараа онцлог сургалт болж өндөрлөлөө.