Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентийн дарга Н.Шакиев энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд хүндэт зочид өнөөдөр (2024.04.23) Чингис хаан Үндэсний музейгээр зочилж, Монгол-Киргизийн хамтарсан “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар үзэсгэлэнг нээж “Орчин үеийн дэлхийн стандарт шаардлагыг хангасан Чингис хаан Үндэсний музейд зочилж байгаад баяртай байна. Монгол Улс нь БНКУ-тай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн хоёр орны хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Иймд эрдэмтэн судлаачдыг солилцож, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийн, хамтарсан судалгаануудыг хөгжүүлэх боломж буй”-г онцлов.
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев “Нүүдлийн соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн бидэнд өвлүүлэн үлдээсэн өв юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн дурсгалыг судлах нь эртний уламжлал, зан заншил, соёл урлагийн ертөнцтэй танилцах боломжийг олгодог. Тиймээс манай хоёр орны найрамдал, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн харилцааг хөгжүүлэх, түүх соёлын өвийг харилцан судлах, уран бүтээлчдийг харилцан солилцох ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж, хоёр орны эрдэмтэн судлаачдын найман илтгэл хэлэлцүүллээ.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод зориулан ая дууны мэндчилгээ өргөн барилаа.