Чингис хаан Үндэсний музей нь Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хөтөч, тайлбарлагчдыг түүх, соёлын өвд суурилсан тайлбарын арга зүйд сургах, музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үзмэр, үзүүллэгийн үндсэн үзэл санааг ойлгож олон нийтийн хэллэгээр насны бүлэгт тохируулан тайлбарлах, музейд үйлчлүүлэх соёлыг түгээх зорилгоор “ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ” зургаа дахь удаагийн сургалт (2024.04.29.30) -ыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад 18 байгууллагын 36 хөтөч, тайлбарлагчид хамрагдаж 2024 оны турш Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх албан ёсны эрх бүхий үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа.
Уг сургалтад хамрагдсан аялал жуулчлалын салбарын хөтөч,тайлбарлагчдад Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс, эх сурвалжид тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэн лекц уншиж, үзүүллэгийн танхимуудад Чингис хаан Үндэсний музейд шинээр нэвтрүүлээд буй “ORPHEO” брэндийн хөтөч тайлбарлагчийн төхөөрөмж ашиглан тайлбар хийв.
Сургалтын үеэр тусгай хэлэлцүүлэг зохион байгуулж, хөтөч тайлбарлагч нар жуулчдаас нийтлэг ирдэг асуултуудыг бусадтайгаа хуваалцаж, туршлага солилцохын зэрэгцээ зочин эрдэмтдээс өөрсдийн сонирхсон сэдвээр асуулт асуун санал зөвлөмж авч нээлттэй ярилцлага өрнүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээв.
Сургалтыг Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, түүхийн ухааны доктор (Ph.D) Н.Батболд нээж, лекц орсон бөгөөд тус хэлтсийн ахлах ажилтан, Архелогийн шинжлэх ухааны докторант Ж.Эрдэнэ болон дэд профессор Л.Эрдэнэболд (Ph.D, профессор С.Цолмон (Ph.D) нарын эрдэмтэд хөтлөн явуулав.
Мөн хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургагч багш Б.Мөнхбат “Музейд тайлбар хийх арга зүй”, Чингис хаан Үндэсний музейн тайлбарлагч О.Энхцолмон “Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх нь” зэрэг сэдвүүдээр сургалт орлоо.