image
clock
2024-05-06
СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД “ХАЛХЫН ЗАЯ ГЭГЭЭНИЙ ӨРГӨӨ” ГЭРТ ЯВАГДАЖ БАЙНА


Соёлын яам, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority -аас санаачилан зохион байгуулж буй “ Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд, монгол орны бүс нутгуудаас угсаатан ястны онцлогийг харуулсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баяжуулж хөгжүүлсэн гэрүүдийг дэлгэн тавьсан.

Уг үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Архангай аймгийн Соёл, урлагийн газартай хамтран “Халхын Зая гэгээний өргөө” гэрт соёл, боловсролын оролцоот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд "Монгол гэрийн уламжлал, шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурал, "Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал" сэдвээр хэлэлцүүлэгүүд болно.

Та бүхнийг их хотын төв талбайд байрлах өргөө цагаан гэрүүдээр зочлон монголын үнэт өв, уламжлалт ахуй соёлтой танилцахыг урьж байна.

Хаана: Сүхбаатарын талбай

Хэзээ: 2024.05.04-2024.05.12