Монгол Улсын Соёлын яам, ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон Далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулганыг Улаанбаатар хотноо анх удаа (2024.05.07.08) зохион байгуулж байна.
Өнөөгийн байдлаар олон улсын жагсаалтад 496 гаруй баримтат өв бүртгэгдээд байгаа бөгөөд, Монгол Улсаас “ЮНЕСКО”-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын жагсаалтад таван баримтат өв бүртгэгдсэн байна. Үүнд:
- Лу Алтан Товч (2011 он)
- Монгол Шунхан Данжуур (2011 он)
- Есөн эрдэнийн Ганжуур (2013 он)
- Данжуурын гэрэлт хөшөө (2017 он)
- Цогт хунтайжийн хадны бичээс (2023 он)
Харин ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн жагсаалтад Лу Алтан Товч (2010 он), Сахиусан дара эх (2014 он), Мэргэд гарахын орон судрын модон бар (2016 он) зэрэг 3 баримтат өв бүртгэгджээ.
Энэхүү чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга Н.Батболд угтан авч, музейн үзмэрүүдтэй танилцуулж эх орныхоо түүх, өв соёл, уламжлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Чуулганаар дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн жагсаалтад нэр дэвшүүлсэн баримтат өвийг танилцуулах, бүртгэх санал хураалт, Ази-Номхон далайн бүс дэх “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн онцлох арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэхээс гадна гишүүн орнуудынхаа тайланг дүгнэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.