Соёлын сайдын 2023 оны А/478 тушаалын дагуу Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон талт арга хэмжээг төлөвлөсний томоохон ажлын нэг нь өнөөдөр (2024.05.20) зохион байгуулсан “Монголын музей 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм.
Энэхүү хурлыг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж монголын музейн 100 жилийг “Монголын музейн түүх-судлал”, “Музейн сан хөмрөг-өнөөдрийн түвшин” гэсэн хоёр хэсэгт авч үзэн 30 илтгэл хэлэлцүүллээ.
Үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол Улсын музей 100 жилд- Өв соёл, соён гэгээрэл” сэдвээр тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Ардын хувьсгал, хэлмэгдүүлэлт, эх орны болон Халх голын дайн, социализмын үеийн их бүтээн байгуулалт, өөрчлөлтийн гээд Монгол орны нийгэм, эдийн засгийн олон ээдрээтэй үед Монголын музей Монгол Улсын түүхэн ой санамжийг авч үлдсэн түүхтэй. Нэг ёсондоо монголчууд оюун санааныхаа ой санамж, өв соёлоо музейгээр дамжуулан хадгалж авч үлдэж чадсан, соён гэгээрэл буюу ард олноо гэгээрүүлэх үүргийг Монголын музей гүйцэтгэсээр ирсэн. Монгол Улсын музейн түүхийн хамгийн том дэвшил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын төр, засгаас түүхэн шийдвэр гарган Чингис хаан Үндэсний музейг байгуулсан нь зөвхөн бүс нутагтаа бус, олон улсын түвшинд стандарт музейтэй болж чадсан юм” гэдгийг тодотгосон юм.
”Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хуралд нийслэл, аймаг, орон нутгийн музейн120 гаруй төлөөлөгч оролцон музейн хадгалалт хамгаалалт, биет үзмэр болох хадны бичвэрийг сэргээн сайжруулах, музейн сан хөмрөгийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцаж, гарц шийдлээ тодорхойлон Монголын музейн 100 жилийн түүх нь монголчуудын ой санамж, оюун сэтгэлгээ, өв соёлын 100 жил юм гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа.
Манай улсад XX зууны эхэнд шинжлэх ухааны төв болох Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд анх музей байгуулсан түүхтэй. Тус, хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахад шаардах бэлтгэл ажлыг ханган, улмаар 1924 оны гуравдугаар сарын 23-нд баталсан Судар бичгийн хүрээлэнгийн зорилтот хөтөлбөрт музейг оруулснаар Монгол Улсад анх музей байгуулжээ.
Ийнхүү Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдаж, түүх соёлын өвийг хадгалж, хамгаалах эх түүхийн мөн чанарыг иргэд, олон нийтэд таниулсаар даруй 100 жилийн нүүр үзэж байна.