ОХУ-ын Шинжлэх ухаан академийн Алс Дорнод дахь салбар, Алс Дорнодын ард түмний түүх, археологи, угсаатан зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Чингис хаан судлалын холбооны ерөнхийлөгч, академич Николай Крадинтай “Чингис хааны эзэнт гүрэн”-ний талаар “Историк” сэтгүүлийн ерөнхий редактор Владимир Рудаковын хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Чингис хаан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд түүний талбай нь 24 сая кв.км байв. Хуурай газрын эзэнт гүрнүүд дундаас түүнд дөхөж очиж чадах улс нь хүч чадлынхаа оргил үедээ 22.8 сая кв.км газар нутгийг эзэлж байсан Оросын эзэнт гүрэн юм. Монголын эзэнт гүрнээс илүү том газар нутгийг гагцхүү Британийн эзэнт гүрэн л 35.5 сая кв.км эзэлж байсан. Гэвч энэ нь далайн чанад дахь олон тооны колониудтай холбоотой бөгөөд тэдгээр нь Энэтхэг, Канад, Австрали зэрэг асар том газар нутгийг эзэлж байсан нь нилээд хожуу цаг үед болсон юм.
ЧИНГИС ХААНЫ ХАРИЗМ БҮХ НҮҮДЭЛЧДИЙН ЭЗЭНТ ГҮРНҮҮД БАЙГУУЛАХ ШАЛТГААН БОЛСОН
Чингис хаан хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг яаж байгуулж чадсан юм бол, ядаж энэ өргөн уудам орон зайг харилцаа холбоогоор хангах үүднээс нь бодож үзвэл яаж зохион байгуулж байсан бэ?
Евроазийн их тал нутаг бол янз бүрийн соёл иргэншлийг холбосон нэгэн төрлийн коридор бөгөөд тэнд холбоо харилцааны систем нь суурьшмал соёлын бүс нутгаас илүү идэвхтэй ажилладаг байсан. Миний бодлоор үүнд тулгуурлаж л агуу том эзэнт гүрнийг байгуулж чадсан байх. Түүнээс гадна монголчуудаас 650 жилийн өмнө эртний Түрэгчүүд Ижил мөрнөөс Хянганы нуруу хүртэлх хамгийн анхны тал нутгийн аварга том эзэнт гүрнийг байгуулж байсан гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор энэ хүчин зүйл ч бас нөлөөлсөн. Монголын эзэнт гүрэн үүсэн бий болсон тодорхой шалтгаануудын тухайд гэвэл мэдээж маш олон бий. Чухалчлан үзэх ёстой хоёр хүчин зүйлийг онцлон хэлмээр байна. Нэгдүгээрт, Чингис хааны өөрийнх нь хувь хүний шинж чанар, учир нь бүх нүүдэлчдийн эзэнт гүрнүүд үүсэх нь тухайн удирдагчийн харизмтай холбоотой байсан. Ер нь нүүдэлчдийн эзэнт гүрнийг харизм буюу бусдыг байлдан дагуулах авъяас чадвар бүхий гарамгай зүтгэлтнүүд бий болгосон байдаг. Тийм ч учраас ийм хүн гарч ирсэн нь монголчуудын хувьд маш том үүрэг гүйцэтгэсэн. Хоёрдугаарт, энэ бол санамсаргүй хүчин зүйлсийн тодорхой нэг хослол бөгөөд яг тэр үед түүхийн зураг яг ийм байдлаар тавигдсан юм. Гэхдээ бүх зүйл бага зэргээр арай өөр байж болох байсан.
Өөр гэдгийг та юуг хэлэх гээд байна илүү тодруулж өгнө үү?
1203 онд Хэрэйдийн Тоорил ханы цэргүүдтэй хийсэн томоохон тулаанд Монголчууд ялагдсан. Тэмүүжин энэ тулалдаанд амиа алдах шахаж, түүний хүү Өгэдэй хүзүүндээ харвуулж хүнд шархадсан. Тэр үед ирээдүйн дэлхийг эзэгнэгч Чингис хааны амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв. Энэ тулаанаас ердөө цөөхөн хэдэн мянган цэрэг амьд гарсан бөгөөд тэд Балжун нуурын ойролцоо газарт бууж өгөхөөс аргагүй болсон юм. Зарим нэг судлаачид энэ газрыг Халх голоос урд зүгт байдаг гэж үздэг бол, нөгөө хэсэг нь өнөөгийн Өвөрбайгалийн нутагт гэж таамагладаг. Тэд ямар ч хоол хүнсгүй болж, нэг адууны махыг цэргүүд бүгдээр хувааж идэн, намгийн булингартай ус ууж байсан. Энэ үед Тэмүүжиний дайснууд үгүй болсон гэж бодож байв. Харин Тэмүүжиний дагалдан яваа хүмүүс яг л энэ цаг үед эцсээ хүртэл түүнтэй хамт байж үнэнчээр зүтгэхээ тангарагласан байдаг. Удалгүй монголчууд Тоорил хааны цэрэг рүү дайрав. Хэрэйдүүд тэдний дайсан нь ийм хурдан сэргэнэ гэж бодоогүй учир ялагдсан юм. Энэ томоохон тулааны дараагаас монголын тал нутагт Чингис хаантай өрсөлдөх томоохон өрсөлдөгч байхгүй болов.
ДАЙНД ДАЙНЫ ДҮРМЭЭР ТОГЛОХ ЁСТОЙ
Сайн цэргийн жанжинд аз тохиодог боловч зарим нэгнээс нь азын тэнгэр нүүрээ буруулдаг. Ватерлоогийн тулаанд Напелеонд аз тохиосонгүй, үүгээр эзэнт гүрэн нь мөхсөн. Харин Чингис хаан ялагдсан ч гэлээ эцсийн дүндээ бүх зүйл түүний талд шийдэгдсэн. Цаашид миний бодлоор түүний гайхалтай сайн зохион байгуулах авъяас тус болсон байх, учир нь Чингис хаан хамгийн сайн шадар хүмүүсийг сонгон авсан. Тэрээр ер бусын гайхалтай зөн совинтой байсан бөгөөд ямар ч хүнийг сонгон авахдаа огт алдаж байгаагүй. Энэ бүх хүчин зүйлс нийлж яг л цасан хунгар өндөр уулсаас буух адил эрчээ аван Монголын эзэнт гүрэн цаашид улам л хүчирхэгжсэн юм.
Эзэнт гүрнийг байгуулахдаа монголчууд ямар нэгэн үзэл санаагаар нэгдсэн үү, эсвэл дан ганц Чингис хааны бусдыг байлдан дагуулдах харизм чанар нөлөөлсөн үү?
Миний бодлоор монголчууд өөрсдийгөө бусад улс үндэстнээс давуу байх, тэгээд эцэст бүх ертөнцийг байлдан дагуулах талаар нилээд хожуу бодож ухамсарласан байх. Эхэн үедээ мэдээж хэрэг хувь хүний харизм чанар үйлчилж байсан.
Бидний ярьж буй бусдыг байлдан дагуулах тухай үзэл санаа нүүдэлчдэд угаас байдаг байсан зүйл үү, эсвэл энэ нь Чингис хааны санаа байсан уу?
Хоёр төрлийн хандлага байдаг. Нэг хэсэг эрдэмтэд үзэхдээ, нүүдэлчид өөрөө өөрсдийгөө бүрэн хангаж байсан гэдэг бол, нөгөө хэсэг нь тэд дангаар амьдарч чадаж байсан гэж үздэг. Америкийн агуу газар зүйч, антпрологич Оуэн Латтиморын хэлснээр, “жинхэнэ нүүдэлчин бол ядуу хүн байдаг”. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин овог аймаг нь хангалттай биеэ дааж амьдарч чадах боловч, ямар нэгэн үед тэдэнд хэрэгтэй бараа товаар, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, нарийн гар урлалын зүйл зэрэг хэрэгцээтэй болоход хөрш зэргэлдээ улс үндэстэнтэй харилцдаг байсан. Энэ харилцаа янз бүрээр илэрч заримдаа нүүдэлчид дайрч довтолдог байсан бол заримдаа худалдаа хийдаг байсан. Хэдий тийм боловч статистик тоо л бодит байдлыг харуулдаг. Би эртний хүннү, түрэг, уйгарууд хэдэн удаа хөрш зэргэлдээ улс руугаа дайрч байсныг тоолж үзэхэд нүүдэлчид нь хятадуудаас илүү олон удаа цэргээ илгээж дайрсан байдаг. Монголчуудын хувьд ч мөн адил. Хятадын хажууд амьдрахдаа тэд худалдаа наймаа хийхээс дайрч довтлох хүртэл харилцааны бүхий л арга барилыг хэрэглэж байсан нь тодорхой. Ямар нэгэн үнэ хөлс төлөхгүйгээр ихийг нэг дор авч болох боломж гарахад тэд дайрч байсан. Ийм цаг үе, ийм бодит байдал байсан юм. Дундад зууны үед бүх улс оронд хүчирхийлэл, харгис байдал ноёрхож байсан. Ганц Монголд ийм байсан юм биш. Мөн дан ганц нүүдэлчид л хөрш зэргэлдээ улс руугаа дайрдаг байсан гэж бодох нь буруу юм.
Чингис хааны хөрөг. Торгон дээрх зураг. XIV зуун.
ТЭР ҮЕИЙН МОНГОЛЫН МОРЬТ ЦЭРГҮҮД ОРЧИН ЦАГИЙН ТАНКТАЙ ЦЭРГҮҮД ШИГ БАЙСАН
Монголын цэргийн голлох хүч хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ?
Монголын цэргийн тооны талаар мэдээлэл их муу байдаг. Монголын нууц товчоонд зарим тодорхой мэдээлэл бий. 202-р зүйлд зааснаар 95 мянганы ноёдын тухай гардаг, мөн “ойн иргэдийн” тухай ч дурьдсан байдаг. Чингис хааныг нас барах үед түүний цэрэг 140 мянган хүн байсан гэх зарим баримт бий. Монголын эзэнт гүрэн 100-250 мянган цэрэгтэй байсан гэж хэлж болно. Хамгийн ихдээ бүх эрэгтэйчүүдийг оролцуулаад 300 мянга хүрч болно.
Энэ нь нэг дор цуглуулсан цэргийн тоо юу, эсвэл өөр олон газарт байгаа цэргийн тоо юу?
Мэдээж хэрэг, олон газарт байгаа цэргийн тоо. Багаар бодоход 100 мянган цэрэг нэг дор хамт явахад гэр бүлийн хамт аварга нүүдэл болно. Монголын дундаж нэг гэр бүл таван хүнтэй гэж бодвол нэг түм буюу 10 мянган цэрэг нь эцсийн дүндээ 50 мянган хүн болно гэсэн үг. Дээр нь адуу малыг нэмж бодвол 100 мянган хүн ойролцоогоор 2 сая адуу мал явна гэсэн үг. Тулаанд явж буй нэг цэрэг таваас зургаан морь авч явна гэж тооцоход энэ тоо гарна, зарим тохиолдолд түүнээс бага адуу авч явах нь бий. Ийм их хэмжээний нүүдлийг хийх боломжгүй. Миний бодлоор монголын арми нь аливаа нэг тодорхой асуудлыг шийдэх зорилгоор ойролцоогоор хоёроос дөрвөн түм буюу 20-40 мянган цэрэг илгээж байсан л болов уу.
Тийм ч их тоо биш байна шүү дээ…
Бас бага ч тоо биш. Нэмж хэлэхэд энэ бол зөвхөн цэргийн тоо юм. Түүнээс гадна монголчууд аливаа нэг газар тариалан эрхэлдэг улс оронд очоод тухайн орон нутгийн иргэдийг ашигладаг байсан. Үүнийг “хашар” буюу “бөөн хүн” гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс нь цэргийг хүнсээр хангах, хамгаалалтын байгууламж барих ажил хийж, мөн бүслэлтийн үед тэднийг тэргүүн эгнээнд илгээж байсан. Өөрөөр хэлбэл туслах цэргийн хүчээр бүслэлтийн үед болон цэргийн байгууламж барих хүн хүч нэмэгдэж байсан. Үүнээс гадна суурьшмал иргэдтэй харьцуулахад монгол цэргүүд нэг зүгт хамаагүй хурдан төвлөрч байлдаж байсан нь тэдэнд давуу тал олгосон. Жишээлэхэд Алтан улсыг дурдаж болно. Ихэвчлэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Хятадыг байлдан дагуулсан гэж бичдэг, гэвч үнэндээ Хятадын хойд хэсэг буюу зүрчидийн Алтан улс байсан хэсэг юм. Тэдний цэрэг нэг сая орчим байсан. Мэдээж тэд олон гарнизонд хуваагдаж байсан л даа. Харин монголчууд ойролцоогоор 150 мянга орчим цэрэгтэй байсан. Зүрчид илүү давуу хүчтэй байсан боловч монголын цэргүүд нэг газарт илүү хурдан төвлөрч байлдаж чадаж байсан. Нэг үгээр бол тэр үеийн монголын морьт цэргүүд орчин цагийн танктай цэргүүд шиг байсан гэж болно.
Таны бодлоор Орос, Европт хийсэн аян дайнд хэдий хэмжээний цэрэг оролцсон бэ?
Энэ амаргүй асуулт. Олон төрлийн санаа дэвшүүлсэн байдаг. Миний бодлоор ерөнхийдөө 50-70 мянган цэрэг явсан болов уу. Түүнээс гуравны нэг нь үхэж үрэгдэж, өөр нэг гуравны нэг хэсэг нь шархдсан байх. Тийм ч учраас дараагийн Киев, зүүн Европ руу явахын тулд 1238 онд
Монголчууд тал нутагтаа буцаж ирж хүчээ сэлбэх хэрэгтэй болсон.
Чингисийн чулуун бичиг. Монгол бичгээр бичсэн дурсгал. 1224-1225 он.
ЯЛАЛТАД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС ЦЭРГҮҮДЭЭ НЭГ ЧИГЛЭЛД ХУРДАН ХУГАЦААНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ЧАДВАР, БҮСЛЭЛТИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, МОНГОЛ НУМ, ЧАНГА ХАТУУ ДЭГ ЖУРАМТАЙ, ХҮДЭР ЧИЙРЭГ ДАЙЧИД БҮХИЙ ХӨДӨЛГӨӨНТ АРМИ ЗЭРЭГ БОЛНО
Хятад ч, Дундад Азийн улсууд ч, Оросын ноёд ч монголчуудыг эсэргүүцэж чадаагүйн нэг шалтгааныг та нэрлэсэн. Үүнээс өөр хүчин зүйл байсан уу?
Миний бодлоор хоёр чухал хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй. Эхнийх нь, монголын нум сум. Тухайн үедээ хамгийн хүчирхэг нум байсан. Алдарт английн харваачид хоёр зуун метрээс харвадаг байсан. Миний санаж байгаагаар харвах таталтын хүч нь 30-35 кг байсан. Монгол нум сумны таталтын хүч ойролцоогоор 70 кг, туршлагатай харваач ойролцоогоор сумыг 300 метр болон түүнээс хол зайд харваж чаддаг байв. Чингисийн чулууны бичиг гэх алдартай дурсгал өдгөө Эрмитажид хадгалагдаж байгаа. Түүн дээр бичсэнээр Чингис хаан өөрийн үеэл дүү Есүнхэг 335 алд газар харвасанд зориулан хөшөө босгосон гэдэг. Энэ нь ойролцоогоор хагас км зай юм. Мэдээж хэрэг энэ бол асар хол зайд харвасан тохиол боловч эртний он цагийн дараалал бичигт би монголчуудын бүслэлтийн үед тэдний сум манай цайзын хамгаалагчдыг онож байхад, оросуудын сум монголчуудад хүрч очихгүй байсан тухай тэмдэглэсэнийг уншиж байсан. Хоёрдугаарт, өмнө дурдсанчлан Чингис хаан бол гарамгай зохион байгуулагч хүн байсан.Тэр байлдан дагуулсан улс орнуудаас олон зүйлд суралцсан. Монголчууд Хятад, Дундад Азид хэрэглэж байсан цэрэг дайны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бүслэлтийн үед хэрэглэж байсан. Энэ нь хятадын дарьт бөмбөг, олон төрлийн металл зэр зэвсэг, грекийн гал буюу шатамхай бодистой зүйлээр харвах зэрэг юм.
Дэвшилтэт техник технологи ашигласан нь монголчуудад бүслэлтийн тулаанд маш их давуу тал олгосон нь гарцаагүй. Тэдний амжилтад нөлөөлсөн хэд хэдэн зүйлсийг онцловол цэргийг нэг чиглэлд хурдан хугацаанд төвлөрүүлэх чадвар, бүслэлтийн дэвшилтэт технологи, монгол нум, чанга хатуу дэг журамтай, хүдэр чийрэг дайчид бүхий хөдөлгөөнт арми зэрэг болно. Мөн монгол хүн бүр төрөлхийн дайчин гэдгийг мартаж болохгүй. Тэд бага наснаасаа морь унаж өсдөг, эрүүл чийрэг, элдэв зүйлд гомдолдоггүй хээ шаагүй байдаг. Би Монголд 20 шахам жил экспедицээр ажиллахдаа хөдөөний хүүхдүүд ямар эрүүл чийрэг, биеэ даасан, холын газар сайн хардаг, газар нутгийн чиг баримжааг гайхалтай сайн олдог гэдгийг харж байлаа. Магадгүй монголчууд оросуудтай нэгийн эсрэг нэг байлдсан бол тэдний хүч тэнцүү байх байсан. Учир нь нүүдэлчид гардан тулаанд тийм ч гарамгай сайн биш, харин томоохон хэмжээний армийн тухай ярьвал монголчууд тэднээс хамаагүй илүү давуу талуудтай. Бидний эртний өвөг дээдэс харамсалтайгаар үүнийг монголчуудын Орос руу дайрсан Калка голын тулаанд батлан харуулсан байдаг.
Монгол цэргүүд бүслэлтийн зэвсэгийн хажууд. Рашид ал-Дины “Судрын чуулган”. XIV зуун
Сергей Бодров найруулагчийн “Монгол” кино зураг. 2007 он.
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТЫН ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС НЬ ЦЭРГҮҮДИЙГ НЭГ ЧИГЛЭЛД ХУРДАН ХУГАЦААНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ЧАДВАР, ХАТУУ ЧАНГА ХҮМҮҮЖИЛТЭЙ ДАЙЧИД, БҮСЛЭЛТИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ХЭРЭГСЭЛҮҮД, МОНГОЛ НУМ БАЙСАН
Монгол цэргийн харгис байдал нь тухайн үеийн нүүдэлчдийн онцлог мөн үү?
Харгис хатуу байдал бол тухайн цаг үед хүний жам ёсны зүйл байсан, хэрэв бид дундад зуунд Европт ямар дайн болсон гэдгийг харвал, ялангуяа шашны дайнуудыг харвал ойлгох болно. Ядаж л өнөөдрийн байр сууринаас харахад тодорхой. Үүнтэй зэрэгцэн огт өөр ястан, үндэстний хүмүүс монголчуудтай эвтэй найртай байж, тэднээс ашиг тусыг хүртэж, хамтран зүтгэж, хожим нь удаан хугацааны турш найрсаг харилцаатай байсан байдаг тухай ч баримт бий.
Таны бодлоор монголчуудад эзлэгдсэн ард түмнүүдээс аль нь хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн бэ?
Мэдээж, Кавказын ард түмэн маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн. Кавказын байгалийн нөхцөл байдлаас болоод монголчууд байлдахад хамгийн хэцүү байсан. Ерөнхийд нь авч үзвэл өөр олон улс үндэстэн, тэр дундаа бидний өвөг дээдэс ч гэсэн маш зоригтойгоор тулалдаж байсан. Гэсэн ч тухайн үеийн нөхцөл байдалд дайснаа ялах боломжгүй байсан юм. Зүрчидийн арми бол дундад зууны хамгийн хүчирхэг арми байсан бөгөөд Киданы армийг бут ниргэж байсан. Киданчууд өөрийн цаг үедээ хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж байсан нүүдэлчид.Эцсийн дүндээ монголчууд тэднийг бүгдийг нь ялсан.
ОЛОН ШАШИН, СОЁЛ ОЮУН САНААНЫ УДИРДАГЧДЫГ ӨӨРТӨӨ ТАТАЖ ЧАДСАН
Чингис хаан болоод залгамжлагчид нь эзэлсэн нутгийнхаа уугуул иргэдтэй, юун түрүүнд язгууртнуудтай ямар харилцаа холбоотой байсан бэ?
Монголын эзэнт гүрний онцлог бол байлдан дагуулсан газар бүртээ өөр өөр байдлаар харьцаж байсан. Хэд хэдэн төрлийн уян хатан арга барилуудтай байсан. Бидний мэдэж байгаачлан монголчууд оросын ноёдуудын хэрэгт саад болохгүй удирдлагын арга барилтай байсан боловч оросын язгууртнуудтай маш ойрын харилцаатай байсан. Монголчууд Хятадын нутагт эзэлсэн газар руугаа хэсэгчлэн нүүж, Монголын хаадууд Хятадын эзэн хаан болсон. Тэгээд аажмаар монголчуудаас ч өмнө үргэлж тохиолдож ирсэн нэг зүйл нь ялагчдыг соёлоор өөртөө уусгаж байв. Юань гүрэн бага багаар хятаджиж, Хятадын ердийн хаант улс болон хувирч эхлэв. Хятад дахь монголчуудын тоо харьцангуй цөөхөн байсан ч Дундад Азийн хүмүүсийг ашиглан төр захирч байжээ. Монголчууд маш сайн дайчид боловч газар тариалан, худалдаа наймаанд тийм ч сайн байгаагүй бөгөөд Дундад Азиас ирсэн цагаачид “сэму” гэх “өнгөт нүдтэй” хүмүүс энэ орон зайг эзэлж, ихэнх тохиолдолд засаг захиргааны аппаратын үндсэн хэсгийг бүрдүүлдэг байв. Үүнээс гадна Хятад улсын нутаг дэвсгэр дээр монголчууд хятадын албан тушаалтны тогтолцоо буюу күнзийн үзэлтнүүдийг дахин сэргээсэн. Үүнд их киданий Елуй Чуцай үүрэг гүйцэтгэж Чингис хаан болон түүний хүү Угэдэйд хятадуудаас татвар мөнгө авах нь дан ганц тэднийг доорд үзсэнээс илүү ашигтай хэмээн тайлбарлаж байсантай холбоотой. Харин Ойрхи Дорнод болон Дундад Азид язгууртны дээд хэсгийг монголчууд эзэлж байгаад яваандаа исламын захиргааны арга барилд шилжсэн.Үүний хажуугаар тэд аливаа шашин шүтлэгт хүлээцтэй хандаж, үр дүнд олон шашин, соёл оюун санааны удирдагчдыг өөртөө татаж чадсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Арабийн түүхч Ибн Хальдун (1332-1406). Алжирийн Беджая хотод босгосон цээж баримал
Владимир хотын ойролцоох шийдвэрлэх тулаанд Бат хааны цэргүүд. 1238 оны 2 сарын 7. Зураач Е. И. Дешальт
ОЛОН ЗУУН АРД ТҮМЭН, ТЭР ДУНДАА МАНАЙ ӨВӨГ ДЭЭДЭС МОНГОЛЧУУДТАЙ МАШ ЗОРИГТОЙ ТУЛАЛДАЖ БАЙСАН ХЭДИЙ Ч ХҮЧИРХЭГ АРМИЙГ ЯЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН
Шашинд ийм хүлээцтэй хандах болсон шалтгаан нь юу байсан бэ?
Шашин маш чухал үүрэг гүйцэтгэдэг, шашны удирдагчидтай дайсагналцахаас илүүтэй хэл амаа ололцох нь илүү ашигтай гэдгийг монгол хаад ойлгосон гэж бодож байна. Гэхдээ энэ нь зарим талаараа материалист тайлбар юм. Орчин үеийн монголч эрдэмтдийн дунд Чингис хаан болон түүний залгамжлагчид бусад шашны бурхадаас эмээж, тэднийг уурлуулахгүйн тулд тэднийг эсэргүүцэхгүй байхыг хичээдэг гэсэн өөр нэг үзэл бодол байдаг. Миний бодлоор энэ үзэл бодол ч байх боломжтой.
ИБН ХАЛЬДУНЫ ХУУЛЬ
Монголчуудын байлдан дагуулал яагаад зогссон бэ? Үндсэн шалтгаан нь юу байсан юм бол хүч шавхагдсан уу, Угэдэй хаан өвдөж нас барах нөлөөлсөн үү, эсвэл тогтолцооны гажуудал гарсан уу, өөрөөр хэлбэл эзэнт гүрнийг цаашид тэлэх боломжгүй байсан уу?
Эзэнт гүрэн өөрийн боломжийн хязгаарт хүрсэн. Үүнтэй маргах аргагүй. 1236-1242 онд хийсэн Монголчуудын баруун зүгийн аян дайны үеэр аль хэдийнээ эзэнт гүрний зах хязгаарт шашны элдэв тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн байсан. Энэ нь улс орныг сулралд оруулсан, ялангуяа Ойрхи Дорнодоос холбоо харилцаа тасарч эхэлсэн. Бас нэг чухал зүйл бол Чингис хааны удмынхны хооронд хувийн холбоо хэлхээ суларч эхэлсэн. Би үүнийг Ибн Халдуны хууль гэж нэрлэдэг. Энэ араб эрдэмтэн Магрибын жишээн дээр тэмдэглэсэн зүй тогтлын тухай бид ярьж байгаа юм, үүнийг би Хүннүгийн түүхэн дээр ч анзаарч харсан. Ер нь бол нүүдэлчдийн бүх эзэнт гүрнүүдэд, Монголын эзэнт гүрэнд ч байсан зүй тогтол юм. Үүний утга нь эзэнт гүрнийг мөхөлд хүргэсэн гол хүчин зүйл бол язгууртнуудын олон эхнэр авах явдал байв. Жишээлбэл, “Цивилизация” гэх мэт компьютерийн тоглоом дээр ийм нэг загварыг бүтээе. За ямарваа нэгэн хаан таван эхнэртэй, тус бүр нэг хүү төрүүлсэн гэж бодъё. Хаан таван хүүтэй. Түүний газар нутгийн 100 хувийг бид тавд хуваавал 20 хувь болно. Дараа нь хөвгүүд тус бүр таван эхнэртэй, тус бүрээс нэг хүүтэй болвол хорин таван ач зээтэй болох бөгөөд тэд нийт нутаг дэвсгэрийн 4 хувийг эзэлнэ. Гуч хүү нарын тоо нь нэг зуун хорин тав хүрэхэд тэд нутаг дэвсгэрийн 1хувь хүрэхгүй хэсгийг захирна. Гэтэл Чингис хаан гэхэд л таван зуу гаруй эхнэр, татвар эмтэй байсныг бид мэднэ. Түүний ач хүү Бат хорин зургаан эхнэртэй, өөр нэг ач хүү Хубилай дөрвөн эхнэрээс хорин хоёр хүүтэй, татвар эмсээс мөн тооны хүүтэй.
ХIV зууны эхэн үед болсон их хуралдай дээр Чингис хааны үр сад гэх мянга гаруй хүн цугларчээ. Та үүнийг төсөөлж байна уу? Нөөц баялгийн асар их ачаалал болох нь тодорхой тул хэзээ нэг өдөр удирдагчдын гурав, дөрөв дэх үеийн түвшинд нүүдэлчдийн эзэнт гүрэн задран унадаг байв. Монголын эзэнт гүрэн хэд хэдэн хэсэгт хуваагдсан нь тогтолцооны хувьд нэг хэсэг хугацаанд тогтвортой байсан боловч гурав, дөрвөн үеийн дараа үр ач нарын хооронд дахин зөрчилдөөн эхэлснээр эзэнт гүрэн улам бүр хуваагдаж эхэлсэн. Ибн Халдуны анхлан тэмдэглэсэн олон эхнэртэй язгууртнуудын энэхүү загвар нь эзэнт гүрнүүд задран унах гол шалтгаан болсон гэж би боддог. Мэдээж хэрэг байгаль цаг уурын, геополитикийн, тахлын гээд өөр олон хүчин зүйлсүүд байсан нь мэдээж.
Монгол морьтнууд олзны хүмүүсийн хамт. Судрын чуулган. XIV век. Монголчуудын байлдан дагуулал XIII зуунд Одон орон судлаачид болон зурхайчид ажлаа хийж буй нь. Рашид ал-Дины Судрын чуулган. XIV зуун
ТЭД ЗӨВХӨН НҮҮДЭЛЧИД Ч БИШ
Монголын эзэнт гүрэнд дан ганц нүүдэлчид байдаг, тэд нүүж, байлдахаас өөрийг мэддэггүй гэсэн буруу хэвшмэл бодол хүмүүсийн дунд байдаг…
Энэ бол нилээд түгээмэл хэвшмэл бодол, гэвч нүүдэлчдийн эзэнт гүрэнд, дан ганц монголчуудын хувьд ч биш хотууд маш чухал үүрэг гүйцэтгэж байсан. Эхний хотууд бүр хүннүгийн үед эхэлж бий болсон, дараа нь улам бүр тэлж томорсон байх жишээтэй. Монголын эзэнт гүрний Хархорум хот нь тухайн үедээ асар том хүчирхэг хот байсан. Тэнд байнгын оршин суугч хүмүүс нь тийм ч их байгаагүй, харин тэнд хааны орд нүүж ирэхэд хотын иргэдийн тоо хэдэн арван мянгад хүрч байсан нь тухайн үеийн Парис, Лондонгоос дутахааргүй том хот байсан гэж би тооцоолдог. Хархорум хотод шийдэж байсан улс төр, эдийн засгийн асуудлууд нь дундад зууны Баруун Европын хотуудад хэлэлцэж байсан асуудлуудаас хавьгүй чухал асуудлууд байсан юм. Зөвхөн нүүдэлчдийн хот өөрийн гэсэн онцлогтой байдаг юм. Хотын зарим хэсэг хүн ам нь удирдагчийн орд өргөөтэй хамт нүүдэллэж байдаг, хотод өндөр зэрэглэлийн урлал хийх гар урлаачид, хотыг хүнсээр хангах газар тариаланчид, өрнө дорныг холбосон худалдааны замын олон тооны худалдаачид амьдардаг байсан. Соёлын болоод худалдааны асар том солилцоо энэ цаг үед тохиосон нь санамсаргүй зүйл биш юм.
Франц урлаачийн бүтээсэн Хархорум хотод байрлах Мөнх хааны ордны Мөнгөн мод. Сэргээн засварлалтыг XVIII зууны европын зураач хийсэн.
Монголын эзэнт гүрний эдийн засгийн талаар та юу хэлэх бол?
Монголчууд Хятадад цаасан мөнгө нэвтрүүлээд зогсохгүй, тэдний хаанчлалын үед үнэт цаасны систем бий болсон. Дундад Азиас хятадын нутаг дэвсгэр хүртэл их хэмжээний бэлэн мөнгө тээж явах нь чухам юу болохыг та төсөөлж байна уу? Мэдээж хэрэг энэ нь аюултай бөгөөд бодлогогүй зүйл. Хүмүүс биедээ бичиг авч яваад, хүрэх газартаа очмогц тэдэнд тэр бичгийн дагуу бэлэн мөнгө олгож, тооцоо хийж, дараа нь буцаж ирж байсан нь тухайн үедээ ямар их дэвшил байсныг хэлэх юун. Өөрөөр хэлбэл, төсөөллийн мөнгийг бүтээсэн гэсэн үг. Олон газрын ард иргэд монголчуудад захирагдаж, татвар төлдөг байсан. Эдгээр татварууд нь Хархорум руу илгээгдэж байсан, гэхдээ бодитоор биш, бодит бус байдлаар очдог байсан. Бүх мөнгийг Монголын нийслэлд аваачиж, тэндээс дахин хуваарилна гэдэг утгагүй хэрэг. Газар газарт тооцоог хийж, цуглуулсан алт нь хэдэн алтан гулдмайтай тэнцэж байгаа талаар их хаанд мэдээлдэг байв. Ийм аргаар монголчууд эзэнт гүрэнд хэдий хэмжээний татвар хураасан талаар мэдээлэл ойлголт авч байсан. Түүнээс гадна тэд эзэлсэн нутаг дэвсгэртээ хүн амын тооллого хийж, Орос улсад ч мөн тооллого явуулж, түүний тусламжтайгаар хэдий хэмжээний татвар хураах, цэрэгт дайчлах зэргийг урьдчилан таамаглаж байв. Монголын эзэнт гүрэн бол удирдлагын загвараараа тухайн үеийн өндөр хөгжилтэй гэгдэж байсан олон бусад орноос хол түрүүлж байсан маш хүчирхэг, сайн зохион байгуулалттай улс байсан юм.
ТҮҮХЭН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
1206 он: Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулав.
1207-1210 он: Сибирийн болон Зүүн Туркестаны ард түмэн болох буриад, якут, ойрад, киргиз, уйгур нарыг нэгтгэв.
1211 он: Зүрчидийн Алтан улсыг (Хойд Хятад) эсрэг анхны удаа дайтав.
1215 он: Зүрчидийн нийслэл Чжунду хотыг (одоогийн Бээжин) эзлэв.
1219 он: Дундад Ази руу дайрч Отрар, Ходжент, Бухара, Самарканд зэрэг хотуудыг эзлэн авав.
1221 он: Хорезмыг эзлэв.
1222 он: Өвөркавказ руу дайрч алануудын газар, половецуудын тал руу довтлов.
1223 оны 5 сарын 31: Калка гол дээр орос-половец нарын нэгдлийг бут ниргэв.
1231 он: Солонгос улстай хийх дайн эхлэв (1273 он хүртэл үргэлжилэв).
1234 он: Алтан улсыг эцсийн байдлаар бут ниргэв.
1235 он: Хятадын Өмнөд Сүн улстай хийх дайн эхлэв (1279 он хүртэл үргэлжилсэн)
1236 оны намар: Ижил мөрний Булгарыг бут ниргэв.
1237-1238 он: Зүүн-хойд Орос руу дайрав.
1239-1240 он: Өмнөд Орос руу дайрав.
1241 он: Польш, Унгар луу довтлов.
1242 он: Баруун зүгийн аян дайн төгсөв.
1257 он: Вьетнам руу хийсэн довтолгоо амжилтгүй болов.
1258 он: Багдадыг эзлэв.
1260 он: Айн-Джалутад мамлюкуудтай хийсэн тулаанд ялагдав.
1274, 1281 он: Япон руу хийсэн довтолгоо амжилтгүй болов.
Эх сурвалж: https://историк.рф/journal/post/7034?ysclid=lw8qklovws587213410