Монголын биет болон биет бус соёлын өвийн ул мөрөөр явж, хайгуул судалгаа хийж дэлхийгээр тархсан монголчуудын өв соёлыг түгээх зорилгоор анх 2018 онд “Арт аялал” хөтөлбөрийг академич С.Чулуун, шог зураач С.Цогтбаяр, гэрэл зурагчин Э.Цацрал нарын эрдэмтэн судлаач, уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд монголын түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйл болох 1940 онд бичигдсэн, хүндэтгэл ёслолын агуулгатай Японы “Columbia” лэйблээс эрхлэн хэвлүүлсэн Азийн дуу хоолой хэмээх цоморлиг пянзыг судалгааны хамт Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт өмч болгон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр (2024.05.30) хүлээлгэн өглөө. Энэ үеэр шог зураач С.Цогтбаяр уг пянзанд багтсан нэг найрал магтуу дуу бидний хувьд түүхийн болоод соёлын өндөр ач холбогдолтой, түүх судлаачид болон монголчуудын хувьд нээлт болсон гэж хэлж болно гэлээ.
Уг дурсгалын талаар Япон хөгжим судлаач Таки Рёойчи Чингис хааны магтуу найрал дуу нь жир бус тайлга тахилга зан үйлийн зориулалттай хүндэтгэлийн дуу, Чингис хааны тав дахь үеийн ач Хубилай хаан түүнээс хойно зохиогдсон яг тэр ая дангаараа уламжлагдан дуулагдсаар иржээ” хэмээн бичиж үлдээсэн аж.
Ийнхүү түүхийн дурсгалт чухал нандин бүтээл түүх соёлын гэрч болон эх нутагтаа эргэн ирж олны хүртээл болох боломж бүрдлээ. Уг пянзыг музейд гардуулж хүлээлгэн өгөх ёслолын үеэр тус дууны пянзыг тоглуулж ирсэн зочдын сонорыг мялаасан юм.