image
clock
2024-06-03
ИРГЭН ТА ЭРХЭЭ МЭДСЭНЭЭР НИЙГМИЙН АМЬДРАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО

Чингис хаан Үндэсний музейн Захиргаа удирдлагын хэлтсээс ээлжит сургалтаа (2024.06.03) зохион байгууллаа. Сургалтаар музейн ажилтнуудад зориулан ХЭҮК-ын хүний эрхийн сургалт хариуцсан реферэнт Э.Сансар хүний эрхийн тухай ойлголт, жендэр, ажлын байрны бэлгийн дарамт сэдвийн хүрээнд мэдлэг ойлголтыг өглөө.

ХҮНИЙ ЭРХ:

Хүний эрх нь хүнд төрөхөөс заяагдсан эрхүүд байдаг. Өөрөөр хэлбэл хүний эрх бол таныг хүний зэрэгтэй, нэр төртэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа гэж хэлж болно.

Өнөө цагт хүний эрх нь бүх улс үндэстэн, ард түмний хувьд нийтлэг үнэт зүйлс, зайлшгүй даган мөрдөх хэм хэмжээ болон хүлээн зөвшөөрөгдсөн тул улс үндэстнүүд хүний эрхийн мөн чанар, үндсэн агуулгыг хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ, үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байна.

Хүний эрх хүн бүрт хамааралтай бөгөөд ямар ч ялгаваргүйгээр эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Хүмүүс эрхээ мэдсэнээр эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжийг олж авна. Эрхээ зөрчигдөж байна гэдгийг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ авна. Үүгээр ч зогсохгүй эрхээ зөрчигдөхөөс хамгаалж, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төрөөс шаардаж болно. Эрхээ бүрэн дүүрэн эдэлнэ гэдэг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоно гэсэн үг.

ЖЕНДЭР:

Хүний эрхэд суурилсан хандлага бол хүн төвтэй хандлага. Энэ нь хүний эрхийн олон улсын стандартууд, зарчмуудад үндэслэдэг.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтан дараах эрхтэй:

- жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах, сургалтад хамрагдах; - жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн тухай өөрөө буюу хохирогчийн өмнөөс гомдол гаргах, тайлбар өгөх;

- Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2, 7.4-т заасан хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар ажил олгогчид мэдэгдэж, зөрчигчид хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтан дараах үүрэгтэй:

- байгууллагын бусад ажилтан болон харилцагч, үйлчлүүлэгчид бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

- жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бусад хэм хэмжээг сахин биелүүлэх.

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ:

Жендэрийн тэгш байдлын тухай хуульд зааснаар “бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.

Дэлхий дахинаа ажлын байрны бэлгийн дарамтыг хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг хүний эрхийн ноцтой зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхаж буй илрэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг хэмээн үздэг. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод тухайлбал хэнийг ч бусдын эрхшээлд байлгахыг хориглодог бол Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд хөдөлмөрийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, үл тэвчих орчныг бүрдүүлэхэд ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг хуульчилж өгсөн.

Ажил олгогч нь ажилтанд чиглэсэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж, хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ. Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдийг хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэрэв бэлгийн дарамтад өртвөл ажил олгогчид гомдол гаргах, асуудлаа шийдүүлэх эрх нь тус хуулиар зохицуулагдсан байдаг.