image
clock
2024-06-07
СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ МУЗЕЙН САН ХӨМРӨГТЭЙ ТАНИЛЦУУЛАВ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас санаачлан Чингис хаан Үндэсний музейд “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг (2024.06.07) зохион байгуулж, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Чингис хаан Үндэсний музейн Захиргаа,удирдлагын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг оролцож, соёлын өвийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэлдээ музейн бүтээн байгуулалтад зургаан сарын хугацаанд 5253 олдвор, эд өлгийн зүйлийг Соёлын өвийн Үндэсний төвтэй хамтран цэвэрлэх, нөхөх, бэхжүүлэх, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. Энэ оны хагас жилийн байдлаар үндсэн туслах сан хөмрөгт 2956 дэсийн 8848 үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж байна. Бидний өмнө тулгамддаг гол асуудал хуурайшил. Хэт хуурайшилттай орчин нь органик эдлэл нь үзмэрийн гадаргуу хэсэг гандах халалтаас үүдэлтэй өгөрших цаашлаад тоосжилт үүсэх зэрэг нь үзмэрийн материалын шинж чанарт сөргөөр нөлөөлдөг. Манай музейн хувьд олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж ашиглан орчин үеийн дэвшилтэд технологийн тусламжтай музейн орчинд тогтвортой орчин бүрдүүлж, соёлын биет өв болох нийт үзмэрийн аюулгүй байдлыг хангаж гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг зогсоох чиглэлд анхаарч ажиллаж байна гэдгийг тайлбарлав.  

Энэхүү хэлэлцүүлэгт Соёлын яам, Улсын ерөнхий прокурорын газар, дүүргүүдийн прокурорын газрууд, Эрүүгийн цагдаагийн алба, Соёын үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ЧД-ийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцож мэдээлэл хийсэн бөгөөд, оролцогчдыг Чингис хаан Үндэсний музейн үзүүллэгийн танхимаар зочлуулан хууль бус архелоги, малтмал явуулж олсон соёлын биет өвийн хадгалалт хамгаалалттай танилцууллаа.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны ЗБГХТХ-ийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр хууль бусаар худалдаалагдаж, эд мөрийн баримтаар хураан авсан түүх соёлын дурсгал 146 эд зүйлс болох НТӨ-II мянганы төгсгөл үеэс НТ-ийн XV зууны үед хамаарах алтан эдлэл, Хүннүгийн үед хамаарах шилэн эдлэл, хаш тээг, хүрэл эдлэл, ваар, палентологийн олдвор зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу Соёлын яаманд хүлээлгэн өгсөн гэдгийг онцлов.  

МУ-ын хэмжээнд өнөөдрийн байдлаар соёлын өвийг хамгаалахтай холбоотой 56 хууль заалтууд байгаагаас олон улсын 6 гэрээ конвенцд элссэн. Хууль эрх зүйн орчны шинэтгэлийн үр дүнд соёлын өвийг хамгаалах үйлсэд нийгмийн бусад салбаруудын оролцоо нэмэгдсэн, соёлын өвийг бүртгэх судлах, хадгалах, сэргээх, ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирсан, соёлын өвийн бүрэн бүтэн байдалд санаатай хохирол учруулсан үйлдлийг анх удаа гэмт хэрэг гэж үзэх болсон, соёлын өвийг олон нийтийн зүгээс хүндэтгэн үзэх хандлага өссөн гэдгийг хэлэлцүүлэгийн үеэр Соёлын яамны СӨБХЗГ-ын дарга Б.Даваацэрэн тодотгосон.

Хэлэлцүүлгийн төгсгөлд, Соёлын яамаар түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, мэргэшсэн шинжээчтэй болох, түүх соёлын дурсгалт зүйлийн худалдаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулсан журам байхгүй байгаа нь соёлын биет өв устаж үгүй болох, хууль бус эргэлтэд орох нөхцөлийг бүрдүүлж байгаа талаарх хэд хэдэн саналууд гарч байлаа.