image
clock
2024-07-01
ХЭЛ ЗОХИОЛ, ТҮҮХ, УГСААТНЫ ЭРДЭМТЭД ОРОЛЦСОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор Монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох “Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил Цогт хунтайжийн бичээс буюу “Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ойг тус тус 2024 онд тэмдэглэхээр заасан.

Энэхүү ажлын хүрээнд монгол бичиг, соёлоороо бахархах, монгол судлалыг дэмжих, бичиг соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой “Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейн Их танхимд (2024.07.01) боллоо.

Хурлыг Монгол Улсын Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэл зохиолын хүрээлэн болон Түүх, угсаатны хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд, хуралд дотоод гадаадын 20 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Хурлын үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор профессор Л. Дашням “Монголчууд хадан дээр түүх, соёлоо өөрийнхөө амьдралыг түүхчилэн бичиж зурган дээр үлдээдэг уламжлалтай ард түмэн. Энэ олон жилийн өмнөх бичгүүдийг судалж байгаа нь үнэхээр сайшаалтай. Одоо ч гэсэн Монголчууд хадан дээр бичиж хөшөөгөө босгосоор л байгаа. Монгол шиг хадан дээр бичдэг үндэстэн дэлхийд байхгүй.Чингисийн чулууны бичиг бол Есүнгэ мэргэний 335 алд харваж оносныг тэмдэглэн үлдээсэн түүхэн тэмдэглэл” гэдгийг хэлж байлаа.