image
clock
2024-07-01
ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН ИХ МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯА УЛСУУДЫН ДУРСГАЛ НЭГЭН ДОР АНХ УДАА ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн музей бөгөөд, олон улсын түвшинд хэдийн танигдаад байгаа билээ.

Өнгөрсөн жил Францын Нант хотод Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэнг гаргаж 6 сарын хугацаанд 250 мянга гаруй үзэгчдийг хүлээн авч, Чингис хааны тухай өрнөдийн ойлголтыг өөрчлөх, монголд зочлох сонирхлыг буй болгож, монголын өв соёлыг гадаадын орнуудад таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.

Харин энэ удаад 07 дугаар сарын 3-наас 08 сарын 25-ны хооронд Монголын эзэнт гүрэн, Ил хаант улс, Юань улс, Кидан улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй дэлхийн алдарт Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарын Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архивуудтай хамтран Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн харуулж байна.

Ингэснээр монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломж бүрдэж, Чингис хаан Үндэсний музей нь олон улсын түвшний үзэсгэлэнг хүлээн авах боломжтой болсныг илтгэж байгаа юм.

Мөн Ил хаант, Юань улс, Кидан улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монгол нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан Их Монгол улсын бүх харьяа улсуудын дурсгал нэгэн дор анх удаа чуулж байгаагаараа онцлогтой.

Энэхүү үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Найман зууны дараа эх хувиар, анх удаа эцэг өвгөдийн нутаг монгол улсдаа ирж буй Өлзийт хааны захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлж чаддагаараа нэн онцлогтой төдийгүй түүхэн баримт юм.

Үзэсгэлэн танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийг дэлхий дахинд зөв ойлгуулах, сурталчлах, монголын түүх өв, соёлын тухай цогц үзэсгэлэнг дэлхий дахинд гаргаж байгаа. Бид зөвхөн гадагшаа үзэсгэлэн гаргахаас гадна дэлхийн томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалуудаас эх орондоо авчирч, олон улсын чанартай үзэсгэлэн гаргаж байгаагийн эхлэл. 2025 оны гуравдугаар сард Чингис хаан үзэсгэлэнг Чех улсын Прага хот дахь Үндэсний музей, 10 сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлиний түүхийн музей, Канад, АНУ зэрэг улс орнуудад тусгай үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Тус музей байгуулагдсаны үндсэн шалтгаан нь олон улсын зэрэглэлийн үзэсгэлэнг хүлээж авах оронг зай бий болгосонтой холбоотой. Монголд зочлох жилийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь аялал жуулчлалын томоохон төв болсон. Мөн энэхүү үзэсгэлэн нь монголчууд дэлхийд хэрхэн нөлөө үзүүлж, амар амгаланг тогтоож соёл, худалдаа, эдийн засаг, улс төрийн дэглэмийн хувьд хэрхэн өөрчлөлтийг хийж өнөөгийн улсын ертөнцийг үндэслэсэн гэдгээр хийгдсэн. Үзэсгэлэнгийн гол үзэл санаа нь Чингис хаанаар нэрлэгдэж, Чингис хааныг хүртэлх монголын эртний улсуудын түүхтэй холбоотой дурсгалууд, Монголын эзэнт гүрний дурсгал түүний угсааныхны дурсгал гэсэн хэсгүүдээс бүрдэж байгааг хэллээ.

Швейцарын Ритберг музейн дэд захирал Белц хэлэхдээ ирэх жил Швейцарт монголын хотууд, хотжилтийн үйл явц, монголчуудын талаар үзэсгэлэн зохион байгуулна. Энэ үеэр Орхоны хөндийг онцгойлон харуулна. Яагаад гэвэл Монголчуудыг дэлхий дахинаа морин дэл дээр давхиад байдаг улс гэж хардаг. Гэтэл Монголчууд эртнээс хот байгуулж, хөгжиж ирсэн их түүхтэй ард түмэн гэдгийг харуулах хүсэлтэй байна гэлээ. Францын Севр Керамикийн Үндэсний музейн куратор Делфин Мирудо Монголчуудад энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ил хаадын үед хэрэглэж байсан архитектурын чимэглэлийг харах боломжийг бүрдүүлж байгаа. Ил хаад нь Монголчууд Иран, Иракийн тодорхой хэсгийг эзлэн авч хаанчилж байсан 1258 оноос бидэнд ирсэн эд зүйлс ирснийг үзэсгэлэнгээр танилцуулах гэж байна. Чингис хааны үр удам болсон Ил хаад өөрсдөө оюун ухааныг маш их хүндэтгэдэг өндөр боловсролтой, шинжлэх ухааны судлаач, түүхч хүмүүсийг өөрийн ордондоо ажиллуулж байсан ул мөрийг үлдээсэн байдаг нь шинжлэх ухааны соёлыг дахин тодорхойлсон гэж хэлж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Монголын музейн түүхэн дэх анхны томоохон үзэсгэлэн орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр ийнхүү зохиогдож байна.