image
clock
2024-07-08
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ, АКАДЕМИЧ С.ЧУЛУУНД МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар зарлигаар Чингис хаан Үндэсний музейн захирал, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, доктор, профессор Сампилдондовын Чулуунд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Түүнийг монголын түүх, өв соёлыг судалж шинжлэх, ном зохиол туурвих, соёлын өвийн томоохон бүтээн байгуулалтыг амжилттай удирдсан гавьяа, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг олгосон байна.

Академич С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан сумд Сампилдондовын гэрт мэндэлсэн. Нас 47. Ам бүл 5. 1999 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2004 онд ОХУ-ын Москва хотод Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр ажлын гараагаа ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, МУИС-д багш, Нийгмийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол Судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, Чингис хаан Үндэсний музейн захирал зэрэг соёл, шинжлэх ухааны байгууллагад судлаач болон удирдах ажлыг тасралтгүй 25 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.

Тэрээр өнгөрсөн хугацаанд Их Британи, Умард Ирландын вант улсын Кембрижийн Их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэсний Их сургууль, Японы Токиогийн Их сургууль, БНУУ-ын Шинжлэх Ухааны Академийн Угсаатны судлалын хүрээлэн, Японы Осакагийн Үндэсний Угсаатны музей зэрэгт зочин профессороор тус тус ажиллаж монголын түүхийн судалгааг өргөжүүлж сурталчлах, эх сурвалжид түшиглэсэн онол, арга зүйн өндөр түвшинд хэд хэдэн нэгэн сэдэвт болон хамтын бүтээл туурвисан. Мөн түүхийн урд өмнө байгаагүй баримт, эх материалыг эрж хайх, нээж илрүүлэх, хэвлэн нийтлэх ажлыг цуцалтгүй хийж ирсэн эрдэмтэн юм. Тухайлбал, гадаад орнуудад байсан монголын түүх, соёлын хосгүй өвийн 20 боть гаргахаар төлөвлөж 2024 оны байдлаар 11 боть, Монгол орон Монголчууд гэрэл зургийн түүхэн цуглуулга 10 ботийг эх орондоо хэвлэн нийтэлж олны хүртээл болгов. Түүнчлэн С.Чулууны Монголын түүхийн шинжлэх ухаанд оруулсан далайцтай бүтээл бол XVII зууны монголчуудын эх сурвалж “Шар тууж”-ыг олж, судалгааны эргэлтэд оруулсан нь олон улсын түвшинд “Чулууны” хэмээн нэрлэгдэж байна.

Мөн Академич С.Чулуун монгол нутгаас түүхийн шинэ сурвалж, эх бичгийг хайхад багагүй хүч хөдөлмөр зарцуулж, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулж чадсан. Тэдгээрийн дотроос монголын төдийгүй дэлхий нийтэд түгэн, эрдэмтдийн сонирхол маш ихээр татаж буй дурсгал болох Өндөр гэгээн Занабазарын байгуулсан “Номын их хүрээ буюу Сарьдаг хийд”-ийг Хэнтийн нурууны гүн тайгаас олж, илрүүлэн, бүтэн 7 жилийн хугацаанд малтлага, судалгааг эрчимтэй явуулж, XVII дугаар зууны Монгол дахь бурхан шашны хөгжлийг бүрэн таньж мэдэхэд дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж чадав. Тэндээс олдсон 3000 гаруй бурхан өдгөө Чингис Хаан Үндэсний музейн гол үзмэрийн нэг болж гадаад, дотоодын жуулчдыг нүд хужирлаж, бахархал, хүндэтгэл төрүүлж байгаа төдийгүй С. Чулууны зөвхөн энэ бүтээл нь төрийн соёрхолд нэр дэвших бүтээл гэж гадаад, дотоодын судлаачид үздэг.

Академич С.Чулуун нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музейг гардан удирдаж, зохион байгуулж, олон улсын хэмжээнд монголын түүх соёлыг суртчилж, соёл, түүхийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, үндэсний хэмжээний болон олон улсын төвшиний олон судалгааны ажлыг удирдан зохион байгуулж, монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд академич С.Чулууны монголын түүхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг хураангуйлж авч үзвэл нэгэн сэдэвт зохиол 14, нэгэн сэдэвт болон хамтарсан бүтээл (гадаад улсад) 4, орчуулсан, хөрвүүлсэн ном, өгүүлэл 3, хамтын бүтээл 18, толь, лавлах, сурах бичиг, кино, ном зүй 12, эрдэм шинжилгээний төсөл, грант 28, эрдэм шинжилгээний өгүүлэл 88, эрдэм шинжилгээний хурлын илтгэл 46, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл (гадаад улсад) 34, эрхэлсэн, эмхэтгэсэн ном бүтээл 79, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил 3, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл, нийтлэл 21 нийт 350 бүтээл байгаа бол хэрэгжүүлсэн олон улсын төсөл, хөтөлбөр 28, удирдаж хамгаалуулсан магистр, доктор 11 гэсэн бодит дүн мэдээ гарсан. Мөн академич С.Чулууны бүтээл ОХУ, Англи, БНСУ, БНХАУ, Япон, Унгар, Турк, Нидерланд, АНУ-д хэвлэгдсэн байна.

Академич С.Чулуун 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан хугацаандаа 24 жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яамны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон арван жил орхигдсон соёлын томоохон бүтээн байгуулалтын үзэл баримтлал боловсруулах, зураг төсөв гаргаж, улсын төсөвт суулгах, стратегийн бодлогын баримт бичигт тусгах, шинэ тутам яамыг орон байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангах чиглэлд идэвх чармайлт гарган ажилласан.

Тэрээр 2021 оны 03 дугаар сард Соёлын сайдын тушаалаар Чингис хаан Үндэсний музейн захирлаар томилогдож, өнгөрсөн 3 жилийн хугацаанд уг музейн үзэл баримтлал боловсруулахаас эхлээд бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Соёлын яамны өмнө бүрэн хариуцаж, богино хугацаанд дэлхийн музейн стандартад бүрэн нийцэхүйц соёлын бүтээн байгуулалтыг хийж, хамт олноо чадварлаг удирдаж, үр бүтээлтэй ажилласан.