Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан Соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын яам, Гадаад харилцааны яам болон ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Дэлхийн өв-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалт” Монгол-Японы соёлын өвийн симпозиумыг Чингис хаан Үндэсний музейн танхимд (2024.07.29-30) зохион байгуулж байна.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын үл хөдлөх дурсгалуудын өнөөгийн байдал, цаашдын судалгаа шинжилгээ, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, ашиглалт, хэрэглээ ба аялал жуулчлал, хот төлөвлөлтийн асуудлаар тус симпозиумаар ярилцана.
Япон Улсын Дэлхийн өв, аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй соёлын дурсгалт газарт хэрэгжиж буй археологийн малтлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаатай танилцах, эртний хотын туурь, уран барилга, үл хөдлөх дурсгал оршиж буй газрын хууль эрх зүйн орчин, хот төлөвлөлт, стандарт, аялал жуулчлалын менежмент, эртний барилгын сэргээн засварлалт, сэргээн босголт ба бүтээн байгуулалттай холбоотой туршлага судлах, хоёр орны соёлын өвийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхэд чиглэж буй.
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбооноос хамтран зохион байгуулж буй арга хэмжээнд Япон улсын Соёлын өвийн Нарагийн Үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал тэргүүтэй соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт хариуцсан мэргэжлийн судлаачид оролцож байна.