Манай улсад XX зууны эхэн үе буюу 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй.
Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей “Монголын музей-100" жил нэгдсэн чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05-наас 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн юм.
Чуулганы үеэр Монгол улс музейн сан хөмрөгийн хувьд баялаг үзмэрийг бий болгож чадсан. Музейн салбарын 100 жилийн түүхэнд гарсан томоохон ахиц дэвшил бол яахын аргагүй Чингис хаан Үндэсний музейн бүтээн байгуулалт юм. Монгол улс бүс нутагтаа төдийгүй дэлхийн өрсөлдөх хэмжээний сүлжээг бий болгоын төлөө цаашид зорин ажиллаж байгаа гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулх газрын дарга Б.Даваацэрэн онцолж байлаа.
Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулсан нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр музейн нийт ажилтнуудын дунд “Бэсрэг наадам”-ыг зохион байгуулсан юм.
Бэсрэг наадмын хүчит 32 бөхийн барилдаанд Чингис хаан Үндэсний музейн ажилтан аймгийн начин М.Баасанцэнд түрүүлж, Дундговь аймгийн музейн сан хөмрөгийн эрхлэгч сумын заан Ш.Лувсандаш үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн музейн тайлбарлагч Э. Буянбат, Хархорум музейн харуул хамгаалалтын ажилтан Ч.Дагийранз нар шалгарч “Өргөмжлөл” дурсгалын зүйлээр шагнууллаа.
Мөн гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй нэгдүгээр байранд Нийслэл бүс, хоёрдугаар байранд Хангайн бүс, гутгаар байранд Зүүн бүс шалгарсан бол, эмэгтэй нэгдүгээр байр Нийслэл бүс, хоёрдугаар байр Зүүн бүс, гутгаар байранд Хангайн бүс тус тус шалгарч зохион байгуулагчийн зүгээс Өргөмжлөл, дурсгалын зүйлсийг гардан авлаа.
Музейн удирдлагуудын дунд өрнөсөн сур харвааны тэмцээнд 30 гаруй байгууллагын удирдлагууд цэц мэргэнээ сорьсноос Завхан аймгийн музейн захирал Н.Юнрэндорж алтан медаль, Өмнөговь аймгийн Говийн байгаль музейн захирал н. Отгонтуяа мөнгөн медаль, Чойжин ламын сүм музейн захирал Л.Отгонсүрэн хүрэл медаль хүртэж Өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнууллаа.
Мөн энэ үеэр музейн нийт ажилтнуудын дунд зохион байгуулсан “Сайхан хос” тэмцээний хосууд өмссөн дээл, үндэсний хувцасныхаа түүх онцлогийг тайлбарлан оролцогчдын дунд тэмцээн өрсөлдөөнтэй болж, Дорноговь аймгийн музейн хосууд шалгарч,”Өргөмжлөл” дурсгалын зүйлсийг гардан авлаа.
Мөн олон улсын музейн өдрөөр ОУ-ын музейн сэдвийн дагуу боловсролын тусгай хөтөлбөр боловсруулан олон нийтэд таниулж, сурталчилж түгээн дэлгэрүүлсэн Дорнод, Хэнтий аймгийн музейн хамт олонд ОУ-ын музейн зөвлөлийн Монгол дахь Үндэсний хорооноос “Хүндэт өргөмжлөл”-ийг гардууллаа.
Мөн энэ үеэр музейн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтнууддаа Хөдөлмөрийн хүндэт медаль болон ССАЖЗЯ-ны Соёлын тэргүүний ажилтан, Жуух бичгээр нийт 19 хүнийг шагнаж урамшууллаа.
"МОНГОЛЫН МУЗЕЙ - 100жил”
Ерөнхий зохион байгуулагч Чингис хаан Үндэсний музейн зүгээс “Музейн 100 жил” эрдэм шинжилгээний эмхтгэл ном, дурсгалын зүйлсийг нийт оролцсон байгууллагууддаа дурсгаж, ийнхүү музейн салбарынхан гурван өдөр чуулж, салбарын асуудлаа дотооддоо ярилцаж, спорт, урлагийн шилдгүүдээ шалгаруулж, амжилт бүтээлээрээ шалгарч манлайлсан ажилтнуудаа урамшуулан “Соёл, урлагийн ажилтны өдөр”-өө ч хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, 100 жилдээ мартагдашгүй дурсамжийг бүтээж чадлаа.