image
clock
2024-11-02
"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” МУЗЕЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” Чингис хаан Үндэсний музей нь бүх нийтэд нээлттэй үйлчилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтийн амралтын өдөр болгон шийдвэрлэсэн билээ.

Дэлхий дахинд амар амгаланг тогтоож, өнөөгийн ертөнцийг үндэслэсэн, мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн тал нутагт түүний нэрээр нэрлэгдсэн Чингис хаан Үндэсний музейгээр саатан зочилж, нүүдэлчдийн анхын төрт улс Хүннүгээс эхлэн XX зууны эхэн хүртэлх хаад Монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдээ үзэн сонирхож, эх түүхээрээ бахархаж нэгэн өдрийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлээрэй.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан жил бүр уламжлал болон болдог.

Нийт Монголын ард түмэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг хүргэе.