image
clock
2024-11-27
ЭРДЭМТЭН, СУДЛААЧ А.ПУНСАГ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭРЭЭ ШАЛГАРЛАА

Монголын түүх соёл судлал, Монголын нууц товчоо (МНТ)-ны судалгааг дэмжих зорилгоор Чингис хаан Үндэсний музей, "Бодлогот баатар Цэнд гүн" ТББ хамтран жил бүр судлаач, эрдэмтдэд нэрэмжит шагналыг олгосоор ирсэн. Энэ жилийн хувьд "МНТ дахь ёс заншлын судалгаа, МНТ дахь ёс заншил, зан үйлийн тайлбар толь" бүтээлээрээ ШУА-ийн дундад зууны салбарын тэргүүлэгч ажилтан, доктор профессор А.Пунсаг хүртэж, шагналыг "Бодлогот баатар Цэнд гүн" ТББ-ын тэргүүн Д.Начин (2024.11.27) гардуулан өглөө.

Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун " Эрдэмтэн, судлаач А.Пунсаг нь Өвөрмонголын үзэмчин хошууны тайж гаралтай бичгийн хүн, МУ-д ардчиллын салхи гарсны дараагаар МУ-д ирж олон сайхан бүтээл туурвиж түүх, соёл МНТ-г судлах ажилд өнөөг хүртэл тууштай ажиллаж, залуу эрдэмтдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 30 гаруй жилээ зориулж яваа МНТ-ны судалгаанд тэргүүлэх томоохон судалгаануудыг хийсэн байдаг. Түүний судалгаа нь монгол угсаатны судлал, монголын аж ахуйг соёлын үүднээс судалснаараа ихээхэн онцлогтойгоос гадна олон судалгааны эхлэлийг тавьж бичгийн эх сурвалж угсаатны зүйн, эх баримтуудаар баяжуулан судалдаг эрдэмтэн гэдгийг шагнал гардуулах үеэр тэмдэглэн хэлж байлаа.

Энэхүү арга хэмжээнд Боловсролын яам, ШУА, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн төлөөлөл болон бусад албаныхан байлцав.

Сонирхуулахад, "Бодлогот баатар Цэнд гүн" нь МНТ-г 700 жилийн дараа анх удаа монгол хэлэнд хятад хэлнээс орчуулан хөрвүүлсэн төдийгүй монголын тусгаар тогтнол, улс төрийн үйл хэрэгт оролцож явсан түүхтэй аж.