ОРХОНЫ ХӨНДИЙН ВИРТУАЛ ЦАХИМ ХУУДАСТАЙ ГУРВАН ХЭЛЭЭР ТАНИЛЦАЖ БОЛНО /www.orkhonvalley.mn/
Монгол-Герман хоёр улс археологийн салбарт 25 жилийн турш хамтран ажиллаж дундад зууны нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн хот төлөвлөлт, уран барилгын архитектур, гар урлал, сүсэг бишрэл, аж ахуй, эдийн засаг зэрэг тухайн үеийн нийгмийн бүхий л талыг гэрчлэн харуулах судалгааны олон чухал олдвор хэрэглэгдэхүүнийг нээн илрүүлсэн байдаг.
Эдгээр үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах зорилгоор Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Орхоны хөндийн дижитал музей” англи, монголл, герман гурван хэл дээр бэлтгэгдсэн цахим хуудасны нээлт (2024.12.09) Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Энэхүү цахим хуудас танд Орхоны хөндийн баялаг түүхийн тоймоос гадна Хархорум, Хар балгас хотын хөгжил, ач холбогдлын талаар нарийн мэдээлэл өгөхийн зэрэгцээодоо явагдаж байгаа малтлагын төслүүд, тэдгээрийн гайхамшигтай үр дүнгүүд болон энэхүү хосгүй бүс нутгийн тухай мэдлэгийг зузаатгахаар ашиглагдаж байгаа орчин үеийн археологийн дэвшилтэт технологийн (360° панорам зураг, олдворуудын 3D загвар болон виртуал каталог гэх мэт) талаарх мэдээллийг авч болно.
Нээлтийн арга хэмжээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ХБНГУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ханна Бекер, уг төслийн хамтрагч байгууллагуудын төлөөлөл бусад албаныхан оролцов.
МУ-ын ШУА, МУИС, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хамтран 1998 оноос ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийг археологийн талаар шинжлэн судлах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг хамтарсан төслийн хээрийн шинжилгээ 1999 оноос Их Монгол улсын нийслэл Хархорум хотод төвлөрч байгаад 2007 оноос эхлэн Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгас хийгээд түүний ойр орчмын бүс нутгуудад өргөн цар хүрээтэйгээр явагдаж байна. Шинжилгээний ажлын цар хүрээ, шинжлэх ухааны ач холбогдлыг Монгол, Герман хоёр улсын ерөнхийлөгч нар өндөр үнэлж 2000 оноос ивээлдээ авсан юм.