Тэртээ 100 жилийн өмнө өрнө дахинд эрдэм сурахаар одсон залуучуудыг хүндэтгэн “Эрдэмд тэмүүлсэн залуус-100” жил дурсамж уулзалт, хэлэлцүүлгийг анхны төгсөгчдийн үр хүүхдүүд санаачлан амралтын өдрүүдэд (2025.01.18) Чингис хаан Үндэсний музейн Их танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Дорно Дахины амьд хэлний дээд сургуулийн оюутан Өлзийбадрах, С.Равдан, Б. Ринчен, О.Намнандорж бүхий нийт 14 хүний амьдралын түүх, замналыг өгүүлсэн илтгэл хэлэлцүүлж, тэдгээрийн амьдралын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна. Үзэсгэлэнгээр дамжуулан зөвхөн эдгээр хүмүүсийн тухай бус тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг харуулж чадсанаараа онцлог байлаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үндсэн илтгэл болох Дорно Дахины амьд хэлний дээд сургуулийн оюутан Өлзийбадрахын амьдралын түүхийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэлцүүлж, уг арга хэмжээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням болон бусад эрдэмтэн, судлаачид, үр хүүхдийн төлөөлөл болох 90 гаруй хүмүүс оролцов.