Монголын уран дарханы түүхэн томоохон бүтээл болох “Хүннү Монгол Эрдэнийн шатар” нь урлаач Р.Баясгалангийн 20 жилийн хөдөлмөр, билэг оюуныг шингээсэн хосгүй бүтээл юм. Монголын эртний соёл, Хүн гүрний үеийн дүрст тэмдэгтүүд, шүтээнүүдийг уран дарханы нарийн хийцийг орчин цагийн технологитой хослуулан туурвисан байна.
Энэхүү бүтээлээ Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд өнөөдөр (2025.01.27) дэлгэсэн бөгөөд, шатар нь Монгол Хүн Гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээл болсноороо онцлогтой.
Уг шатрыг ирэх гуравдугаар сард БНХАУ-д Хонконгийн дуудлага худалдаанд оролцуулах бөгөөд бүтээлийг эх орноосоо гаргахын өмнө Монгол ахан дүүсдээ зориулан сарын хугацаатай ийнхүү дэлгэж үзэгчдэд хүргэж байна.
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын түүх судлалыг эрчимжүүлэх”, Монгол үндэсний уг гарал төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, Монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх” хэмээн зарлиг гаргасан. Иймд уран бүтээлчийн хувиар Ерөнхийлөгчийн зарлиг бидэнд дэлхийд гарах, олон олон боломжийг нээж байгаа баярт үйл явцыг өөрийн бүтээлээрээ дамжуулан шатар монголоос гаралтайг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой гэдгээ нээлтийн үеэр уран бүтээлч, урлаач Р.Баясгалан онцолж байлаа.
Нээлтэд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваасүрэн болон бусад төлөөлөл оролцлоо.
Сонирхуулахад “Хүннү Монгол Эрдэнэ”-ийн шатар нь олон улсын шатар судлаачид, цуглуулагчид, экспертүүдийн үзэж буйгаар “Gem Chess Royale” шатрыг даван гарах боломжтой бүтээл гэж үзэж буй аж.