image
clock
2025-02-08
С.ЧУЛУУН: “СУДРЫН ЧУУЛГАН”-Ы ЭХ ХУВИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ХЭВЛЭХ ЭРХИЙГ АВСАН, УДАХГҮЙ ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОНО

Чингис хаан Үндэсний музей Энэтхэгийн Элчин сайдын яамтай хамтран хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Шастирт дүрслэгдсэн монголчууд” монгол зургийн тусгай үзэсгэлэнг дэлгэж (2025.02.07) нээлтээ хийлээ.

БНЭУ-ын Рампур хотын Раза номын санд эхээрээ хадгалагдаж буй 273 нүүр хуудас бүхий “Шастирын эмхэтгэл” судрыг цахим хувилбараар 2022 онд Чингис хаан Үндэсний музей хүлээн авсан байдаг.

Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж хэлсэн үгэндээ, БНЭУ-ын Рампур хотын Раза номын сан нь маш эртний арвин цуглуулгатай бөгөөд, Монголын их эзэнт гүрний үе болон Ил хаант улсын үеийн монголын түүхэнд холбогдох Рашид ал-Дин “Судрын чуулган”зохиолын эх хувилбар бий. Энэ судрын чуулган номыг Монголчууд оролцож бичсэн бөгөөд Чингис хаан түүний угсааны үе залгамжлагчид,тухайн үеийн Монголчуудын амьдрал ахуй, хаад язгууртны түүхийг харуулсан олон зургууд багтсан. Эдгээр зургуудыг дэлхийн эрдэмтэд үзэхдээ нэг хэсэг нь Монголчуудын байлдан дагууллын үеийн Персийн зураг,нөгөө хэсэг нь Монголчууд монгол зургийн аргаар зурсан зураг гэж үздэг. Одоогоор номын эх хувь нь дэлхийн зургаан оронд хадгалагдан үлдсэн. Монголын эзэнт гүрэн Ил хаант улсын Өлзийт хааны үед бичигдсэн Судрын чуулганы нэг хувь чимэглэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд анх удаа гарч байгаагаараа онцлогтой.

Тэрбээр, номыг эхээр нь англи орчуулгатай хэвлэх эрхийг Чингис хаан Үндэсний музей авсан, удахгүй Монгол Улсад XIII-XIV зууны түүхийн хамгийн том сурвалжийн нэг Судрын чуулганы эх хувь хэвлэгдэж олон нийтийн хүртээл болно. Судрын чуулган нь Монголын Нууц Товчооны нөхвөр, түүнтэй дүйцэхүйц хэмжээний том тулгуур эх сурвалж. Үзэсгэлэнд дэлгэгдсэн миниатаур зургууд нь монголын түүхийн эх сурвалж гэсэн үг. Тэр үеийн эх сурвалжид эдлэл хэрэглэл, хаадын орд харш, хувцас хэрэглэл, идээ ундаа хөгжим бүжгийг олон зүйлийг тэмдэглээгүй ч гэсэн энэ чимэглэл зургаас бүгд харагддаг. Монголын түүхийн чухал үйл явдлыг илэрхийлсэн Судрын чуулганы чимэглэл зургийн үзэсгэлэнг Монголд анх удаа гаргаж дэлгэж байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг тодотгов.

Энэхүү үзэсгэлэнгээс хоёр улсын олон зуун жилийн түүхэн соёл иргэншил, соёлын харилцааны нэгээхэн хэсгийг харж болох бөгөөд, Энэтхэгт Перс хэлээр үлдсэн “Судрын чуулган”номын усан будгийн зургууд нь Монголын эзэнт улсын алтан ургийн хаадын түүхийг илэрхийлдэг. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Наренда Моди МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Рампур хотын Раза номын сангаас XIII-XIV зууны Монголчуудын түүхийг өгүүлсэн ховор гар бичмэлийг захиалгаар хуулбарлуулан бэлэглэсэн аж.

Үзэсгэлэнгийн нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кумар Санжиев, Монгол-Энэтхэг судлалын төвийн тэргүүн О.Нямдаваа болон эрдэмтэн, судлаачид бусад албаныхан байлцав.

Түүхэнд Судрын чуулганыг жүүд гаралтай, Исламын шашинд хожим орсон Ил хаан улсын Төрийн сайд асан Рашид ал-Дин 1316 оны хооронд Ил хаан Газаны зарлигаар Перс хэлээр бичиж эхэлснээр, хожмоо Өлзийт хааны үед дууссан гэж үздэг.