Академич Д.Төмөртогоо нь “Монгол хаадын зарлиг, захидлууд” XIII-XIV эмхэтгэл номын нээлтээ Чингис хаан Үндэсний музейн номын санд (2025.02.14) хийж, академич, эрдэмтэн судлаачид болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Зохиогч тус номын ач холбогдлыг хэлэхдээ, “Их Монгол улс, Юань гүрэн, Ил хаант улсын хаад ноёдын зарлиг, захидлуудыг нэгэн дор нэгтгэж эрдэм шинжилгээний галиг хялбарчилсан хөрвүүлэг зэргийг багтаасан, монгол хэл бичгийн эртний дурсгалууд болон Монголын түүх сонирхон судлах оюутан залуус, эрдэмтэн судлаачдад гарын авлага болно” гэдгийг тэмдэглэв. Академич С.Чулууны санаачилгаар өмнөх гаргасан бүтээлүүд дээрээ тулгуурлан монгол хаадын зарлиг, захидлуудыг эмхэтгэн тусгай ном бичих саналыг надад тавьснаар өнөөдөр ном болон бүтээгдэж та бүхний гарт хүргэж байгаадаа баяртай байна гэв.
Чингис хаан Үндэсний музей нь музейн дурсгалт бичгийн эд өлгийн зүйлүүдийн бүтээл (Талын язгууртны өв соёл), эрдэм шинжилгээний бүтээл болох Чингис хаан музейн мэдээлэл сэтгүүл, монголын хаад язгууртны түүхтэй холбоотой нотлох баримт, материалд тулгуурласан бүтээлүүдийг цувралаар нийтлүүлэн гаргаж олны хүртээл болгож байгаа. Монголын хаад язгууртны түүхийг эх сурвалж, эд өлгийн зүйлээр л тодруулна. Эх сурвалжийн судалгаан дээр монумент музей (Monumenta Museum) гэх цуврал бүтээлд нийт 60 гаруй зарлиг, захидлууд орсон цаашдаа ч энэ цувралыг хамтарч үргэлжлүүлэхийг хүсч байна. Урьд өмнө судлагдсан зарлиг, захидлуудыг судлахаас гадна судлагдаагүй байгаа зарлиг айлтгалуудыг судалгааны эргэлтэд оруулах нь чухал гэдгийг номын нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэллээ.
Дашрамд мэдээлэхэд, номын зохиогч өмнө Уйгуржин монгол бичгийн дурсгалууд, Монгол дөрвөлжин бичгийг дурсгалууд, Хубилай хааны зарлигууд, Ил хаант улсын үеийн монгол хэлний дурсгалууд номоо хэвлүүлж монгол хаадын зарлиг, захидлуудын галиг үсгийн буулгалт гэрэл зургийн эхийг багтаасан аж.