image
clock
2025-03-14
С.ЧУЛУУН: ПОЛЬШИЙН ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙТЭЙ ХАМТРАН “ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНЧУ-д (03.09-12) Польш улсад (03.13-14) өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнгээ нээж, олон нийтэд толилуулж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш улсад айлчлалын хүрээнд Польшийн Үндэсний түүхийн музейн удирдлагатай Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун албан уулзалт хийж, музей хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, "Чингис хаан” үзэсгэлэнг гаргах асуудлыг ярилцаж тохиролцов.

Төрийн айлчлалын үеэр академич С.Чулууны Варшавын Их сургуулийн Дорно Дахины салбарын захирал Агата Варженскаятай хамтран хэвлүүлсэн Краков хотод хадгалагдаж буй "Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн (1915-1916) 9 боть номын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно.

Чингис хаан Үндэсний музей нь дэлхий дахинд өөрийн өв, соёлоо сурталчлан таниулах, Эзэн Богд Чингис хааныхаа түүхийг үнэр зөвөөр таниулах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг 2023 онд Франц Улсын Нант хотын Бретангийн гүнгийн ордонд, 2025 онд БНЧУ-ын Прага хотод, ирэх аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлины түүхийн музейд, 2027 онд Канадын Торонто, Ванкувер, АНУ-ын Чикаго хотод гаргахаар төлөвлөгдөөд байна.

Ташрамд сонирхуулахад, Польшийн Үндэсний түүхийн музей нь шинээр баригдаж 2023 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээр ЮНЕСКО-ийн шагнал авсан барилга төдийгүй, Европын топ таван музейн нэгээр шалгарсан байна.