image
clock
2025-03-21
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Венецийн Дүрслэх Урлагийн Олон Улсын Биенналийн Ерөнхийлөгч Пиетранжело Буттафуоко, түүний дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг (2025.03.21) хүлээн авч уулзлаа.

Тэрээр уулзалтын эхэнд зочдод, Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдэн, шинээр байгуулагдсанаас хойшхи хоёр жил гаруй хугацаанд Үндэсний хэмжээний статустайгаар үйл ажиллагаагаа явуулж буй музейн талаар товч мэдээллийг өглөө.

Уулзалтын үеэр музейд зочилж байгаадаа талархалаа илэрхийлээд, Монголчуудын түүх, соёлтой нарийвчлан танилцахын зэрэгцээ Флоренцийн уран зургийн академид Марко Пологийн байнгын үзүүллэгийн танхимтай болохыг зорьж байгаа учраас түүнтэй холбогдох түүхийн архивыг өргөжүүлэх хүрээнд баримт материал цуглуулахад Чингис хаан Үндэсний музейн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Венецийн алдарт аялагч Марко Пологийн тусгай үзэсгэлэн, Италийн сэргэн мандалтын төлөөлөгч, зураач Караважжогийн “Магдалэний наминчлал” эх зургаар Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн жил хоёр үзэсгэлэнг гаргасныг дуулгаад, цаашид хамтран ажиллахад таатай буйгаа ЗХАТ-ийн эрхлэгч Т.Энхтунгалаг илэрхийлэв.