Чингис хаан Үндэсний музейгээс 2023 оноос эхлэн тайлбар хийх, эрх олгох сургалтыг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд, тав дахь удаагийн сургалтаа (2025.07-08) өдрүүдэд музейн Судалгаа, сан хөмрөгийн төв, Үйл ажиллагаа, олон нийтийн төв хамтран зохион байгуулав.
Энэхүү сургалтын гол зорилго нь Чингис хаан Үндэсний музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн үед хамаарах Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа болон дэлхий дахинд Монголчуудын оруулсан хувь нэмрийг батлан харуулсан үзмэр, эд өлгийн зүйлс дээр тулгуурлан үзүүлэг дэглэлтээр сурталчлан таниулах, жуулчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв ойлгомжтой мэдээллийг хүргэх, хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгддэг.
Сургалтын агуулгын хувьд музейд тайлбар хийх арга зүй, музейн ерөнхий зохион байгуулалт, музейн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүд Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгийн танхимуудад шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх онол, практикийн сургалтыг хослуулан явуулдгаараа онцлогтой.
Сургалтыг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Чингис хаан судлалын ОУ-ын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ph.D Д.Баярсайхан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч доктор, Ph.D Ж.Баярсайхан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Ph.D Г.Алтансүх болон бусад эрдэмтэд, судлаач багш нар хөтлөн явууллаа.
Уг сургалтаар шинээр тайлбар хийх эрх авах нийт 60 аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчид хамрагдаж сертификат, үнэмлэхээ гардан авсан бол, өнгөрсөн оны хаврын сургалтад оролцогчид нь тус музейд тайлбар хийх эрх олгох давтан сургалтад 04 сарын 10-ны өдөр хамрагдана.
Сургалтад хамрагдсан аяллын хөтөч, тайлбарлагчид үнэмлэхний хүчинтэй хугацаанд (1 жил) Чингис хаан Үндэсний музейд холбогдох бичиг, баримтын (үнэмлэх болон сертификат) хамт тайлбар хийх эрхийг авна.