Япон Улсын Осака хотноо 04 дүгээр сарын 13-нд “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын амар амгалан - Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн хүргэж байна.
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй Монгол Улсын асар нь үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг харуулж буй юм.
Энэ үеэр “Go Mongolia” үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхон үзэх боломжийг бүрдүүлсэн.
Тус экспод Монгол Улсын үндэсний өдөрлөг ирэх 07 дугаар сарын 27-нд зохиогдож, энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалыг олон улсад таниулан сурталчлах онцгой хөтөлбөрүүдийг танилцуулна.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн Үзэсгэлэнгийн багийн ахлах куратор Д.Мэндээ дэглэж, тайлбарлагчаар Г.Эрдэнэдалай ажиллаж монголынхоо өв, соёлоо дэлхийн нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүргийг амжилттай мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна.
"Осака-Кансай экспо 2025” үзэсгэлэн нь зургаан сарын хугацаанд үргэлжилж, 158 улс, олон улсын 9 байгууллага оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй үзэгч, жуулчин үзэж сонирхох тооцоог гаргаад байгаа аж.