ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн санаачлагч Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тэргүүтэй Монгол Улсын түүх, соёл, музейн байгууллагуудын удирдлагууд албан томилолтоор энэ өдрүүдэд ажиллаж байна.
Томилолтын үеэр олон зуун жилийн түүхтэй Оросын тэргүүлэх музейтэй танилцаж, тэдгээрт хадгалагдаж буй Монголын түүх соёлын өвтэй холбоотой сан хөмрөгтэй танилцах, музейн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагаа тогтоохын зэрэгцээ “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивын баримтын өв” олон улсын хуралд оролцоно.
Томилолтын багийнхантай Санкт-Петербург хотод байрлах Оросын ШУА-ийн харьяа Их Петрийн нэрэмжит Хүн судлал, угсаатан зүйн музейн ерөнхий захирал, профессор А.В.Головнёвтай албан уулзалт (2025.04.17) хийж, цаашид хамтран ажиллахаар тогтлоо.
Уулзалтын үеэр Монголын музейн удирдлагуудад Орос орон бол олон ястан үндэстний өлгий нутаг, түүний нутаг дэвсгэр дээр амьдарч буй ард түмэн, угсаатны бүлэг бүр маш үнэ цэнтэй, ижил тэгш эрхтэй. Кунсткамера музейг 300 жилээр шинэчлэн залуужуулах төсөл хэрэгжүүлж эхэлснээ дуулгаад, техник технологийн эрин үед эртний түүхтэй хуучин музей ч гэсэн хувьсан өөрчлөгдөх хэрэгтэйг онцлон тэмдэглээд, музейн гол танхим болох “Многонародная Россия”-ийн тайлбарыг хийсэн байна.
Тус музейд Монголчуудын түүх соёлын олон зуун дурсгалууд хадгалагддаг бөгөөд тэдгээр дурсгалыг тус музейн Азийн хэсгийн сан хөмрөгч Д.В.Иванов монголын музейн удирдлагуудад танилцууллаа. Үзмэр дэглэлтийг 1950-аад онд хийсэн бөгөөд тэр цагаас хойш огт хөдлөөгүй тэр хэвээр өдий хүрсэн аж.
Кунсткамера музейн монголын танхимд 1953 онд ЗХУ-ын удирдагч И.В.Сталинд БНМАУ-аас бэлэглэсэн иж бүрэн жижиг монгол гэр, чулуун сийлбэртэй шатар, академич Б.Ринчен гуайн бэлэглэсэн дархад эмэгтэй удганы өмсгөл зүүсгэл, Их хүрээний цамын багууд, XVIII зуунд бүтээсэн бурхны алтан шармал баримлууд, Хиагтын худалдаачдын авчирсан зүү ороосон монгол гутал, эд зүйлс, орчин үеийн монголын утга зохиолыг үндэслэгчийн нэг Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендина-гийн бага насандаа өмсөж байсан дээл, монгол гутал зэрэг олон сонин ховор үзмэрүүд бий.
Тус музейд монголын түүх соёлтой холбоотой, бурхан шашны зүйл, хамгийн хуучин гэрэл зургууд, монгол нутгаар явсан судлаачдын эх материал зэрэг хадгалагдаж байна.
Ташрамд сонирхуулахад, Их Петрийн нэрэмжит Хүн судлал, угсаатан зүйн музей нь Оросын шинжлэх ухаан, музейн салбарын эх үндсийг тавьсан ууган байгууллага, Их Петр хааны зарлигаар 1714 онд Кунсткамера нэртэйгээр анх байгуулагдаж байсан аж.
Өдгөө Кунсткамера нь дэлхийн хамгийн эртний, хамгийн баялаг сан хөмрөгтэй угсаатан зүйн музейн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд цуглуулгатай 1.2 сая гаруй үзмэртэй.