image
clock
2025-05-15
МУЗЕЙН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

Олон Улсын Музейн өдөр 05 сарын 18.

Энэ өдрийг 1977 оноос хойш жил бүр ОУ-ын музейн зөвлөл соёлын солилцоо, харилцан баяжуулах, хүмүүс хоорондын ойлголцлыг хөгжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон харуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.

Энэ жилийн хувьд “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд, энэ жилийн сэдэв нь ирэх 11 дүгээр сард Дубай хотод зохион байгуулагдах ОУ-ын музейн зөвлөлийн Их хурлын сэдэвтэй адил юм.

Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй мянга мянган музейд тухайн оны сэдвийн дор бүтээлч эвент үйл ажиллагаа зохион байгуулж, нийгмийн хөгжлийн төлөө олон нийтэд үйлчилдэг гэдгээ онцлон харуулдаг.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх музейд “Олон улсын музейн өдөр”-т зориулсан тусгай арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Музей нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд тэмдэглэлт өдрөөр эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, аж үйлдвэр, инновац, дэд бүтцийг хөгжүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгуудыг онцолж байна.Музейнүүд нийгмийн дэвшилд хүргэдэг, дэлхий нийтийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг хөгжил хөдөлгөөнтэй орон зай юм.

ОУ-ын музейн зөвлөл нь 129 улс орон, газар нутгийн 57000 музейн мэргэжилтнүүдийг төлөөлж буй ОУ-ын Төрийн бус байгууллага юм.