image
clock
2025-05-22
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭНДЭЛСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 200 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан. Энэхүү тэгш ойг тохиолдуулан Чингис хааны угсааны Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын монголын нийгэм, шашин соёл, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, түүний үлдээсэн өв соёлыг нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх, судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор тусгай үзэсгэлэн болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 07 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдах юм.

Зохион байгуулагч: Ой тэмдэглэх Үндэсний хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей

ХОЁР. ХУРЛЫН ЧИГЛЭЛ Олон улсын эрдэм шинжилгээний хурал дараах үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.

Үүнд:

- Өндөр гэгээн Занабазарын намтар, үйл ажиллагаа  Өндөр гэгээний уран бүтээл, дэг сургууль, өв

- Өндөр гэгээн Занабазарын Монголын бурхны шашинд оруулсан хувь нэмэр

- Өндөр гэгээн Занабазар төр нийгмийн нэрт зүтгэлтэн болох нь

ГУРАВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1. Хуралд оролцох гадаадын илтгэгч нар 2025 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд монголд ирнэ.

2. Хурлын илтгэгч нар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочилж музейтэй танилцана.

3. Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 07 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн 7 дугаар давхрын хурлын танхимд болно.

4. Хурлын хэлбэр: Танхим болон цахим

5. Хурлын албан ёсны хэл: Монгол (Англи, Орос). Хурлын илтгэлийг 10-12 минутад танилцуулна.

6. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зочид 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол нүүдэлчин ахуйтай танилцана.

7. Хурлын зочид 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсаас буцна.

ДӨРӨВ. Хуралд оролцох мэдүүлэг хүлээн авах

1. Мэдүүлгийг хавсралтад дурдсан загварын дагуу 2025 оны 06 дугаар сарын 05-ны дотор Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн uranbayar.g@chinggismuseum.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

2. Мэдүүлэгт овог нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газар, цахим шуудан, утасны дугаар, илтгэлийн сэдэв зэрэг мэдээллийг заавал оруулсан байна. Илтгэлийн сэдвийг хурлын илтгэлд оруулсан тухай 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор илтгэгчдэд хариу хүргүүлнэ.

ТАВ. Илтгэлд тавигдах эрдэм шинжилгээний шаардлага

- Эрдэм шинжилгээний өгүүлэл нь гарчиг, товч агуулга, түлхүүр үг, үндсэн бичвэр, дүгнэлт, хавсралт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байна.

- Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан, товч тодорхой оновчтой байна.

- Түлхүүр үг нь өгүүллийн утгыг илэрхийлэх 6-8 үгэнд багтсан байна.

- Товч агуулга нь судалгааны ажлын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар өгүүлсэн байна.

- Өгүүллийн дээд хэмжээ 2 хэвлэлийн хуудас байна.

Техник шаардлага:

- Үсгийн фонд: Times new roman, үсгийн хэмжээ нь өгүүлэл 11, эшлэл, зүүлт 9 мөр хоорондын 1.15

- Догол мөр: 5 нэгж - Эшлэл зүүлт: Harvard format citation https://www.mendeley.com/guides/harvardcitation-guide

- Гэрэл зураг: JPEG, TIFF (300 DPI-аас дээш) файлаар өгөх

Холбоо барих утас: 70212222, 99105737