Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Туркменистан Улсын Соёлын сайд Атагелди Шамырадовтой Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Туркменистан улсын Үндэсний музей хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т өнөөдөр Төрийн ордонд (2025.06.02) гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр улсын музей хооронд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
-Хоёр музейн үзмэрүүдийн сэргээн засварлалт, менежментийг чадавхжуулах, үзмэрийг анхны тогтвортой нөхцөлд нь хадгалж, хамгаалах хурал, мастер сургалтыг Чингис хаан Үндэсний музейн мэргэжилтнүүдэд зориулж, зохион байгуулах;
- Туркмен ард түмний материаллаг болон соёлын үнэт зүйлс, үндэсний уламжлалт урлагийг танилцуулах зорилгоор Туркменистаны угсаатны урлаг, Үндэсний өвтэй холбоотой үнэт зүйлсийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулах;
- Чингис хаан Үндэсний музейн “Чингис хаан”-ы холбогдолтой үзмэрээр Туркменистан Улсын Соёлын төвийн харьяа Улсын Музейд үзэсгэлэн зохион байгуулах;
- Түүх, археологийн дурсгал, тэдгээрээс илэрсэн үнэт зүйлсийн тухай гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах;
- Хоёр улсын сэтгүүл зүй, шинжлэх ухааны сэтгүүлд судалгааны холбогдолтой өгүүлэл нийтлэх, хоёр орны газар зүй, археологи, байгалийн дурсгалт газруудаар аялж, эрдэм шинжилгээний уулзалт, танин мэдэхүйн лекцийг Туркменистан Улсын Соёлын төвийн харьяа Улсын Музей болон Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулах
- Музейд жуулчдыг татах, үзэсгэлэн гаргах, шинжлэх ухаан-олон нийтийн болон соёл-боловсролын үйл ажиллагааны чиглэлээр шинжлэх ухааны зөвлөгөөн зохион байгуулах зэрэг олон асуудлуудыг тусгасан байна.