image
clock
2025-06-27
МОНГОЛ ТӨРИЙН “МЭРГЭН ӨВӨӨ” Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Ард олондоо Монгол төрийн “Мэргэн өвөө” хэмээн алдаршиж домог болсон Жамсарангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолууд гарсан.

Түүний Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх олон улсын харилцааг бэхжүүлэх энх тайвныг сахин хамгаалах төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг түүний амьдрал үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан түгээх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, “Баримт бичгийн эмхэтгэл” номын нээлт, "Өв сургамж" тусгай үзэсгэлэн (2025.06.27) Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдлээ.

Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож “Ард олондоо Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу нь төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны дэг жаягийг тогтоосон нэрт дипломатч байсан төдийгүй зарчимч шударга, ард иргэддээ ээлтэй байж төр барихад эгэл түмний зовлонг маш сайн ойлгодог байх хэрэгтэйг захисан байдаг. Дайны хүнд жилүүдэд үхэвч сэхэвч хамт гэж үлдэж ОХУ-ын Москва хотод есөн жил, БНАСУ-д хоёр жил Элчин сайдаар ажиллаж Монгол төрийн алтан аргамжааг зангидаж явсан туршлагатай дипломатч, төрийн түшээгийн өвийг бүтээсэн хүн байсан” хэмээн тодотгон хэллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар уншиж сонордуулав.

"Өв сургамж" тусгай үзэсгэлэн нь Ж.Самбуугийн амьдрал, ажил үйлс Онч үгс сэдэвт монгол уран бичгийн каллиграфийн үзэсгэлэн, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зураг баримт ном бүтээлийн гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд төрөл төрөгсөд, нутгийн ах дүүс зэрэг төлөөлөл оролцлоо.