image
clock
2025-08-08
XVIII-XX ЗУУНЫ ХОВОР ЭД, ӨЛГИЙН ЗҮЙЛСИЙГ БАГТААСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэн (2025.08.08 )нээгдэж, Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо.

Чингис хаан Үндэсний музей, Талын язгууртан сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран дэлгэж буй тус үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс багтжээ.

Монголчуудын дунд Чингис хааныг хамаг бурхдын хүч чадлын мөн чанар болсон Очирваань хувилгаан хэмээн үзэж, ойлгох ёс өргөн дэлгэрсэн нь өнөө ч хэвээр буй. Дайны тэнгэр (Далха) тэргүүтэн өөр бусад тэнгэр сахиусыг Чингис хаан хэмээн сэтгэж, хааныгаа бурханчлан шүтэх ёс уламжлалын үүднээс дүрийг нь бурханчлан бүтээх, тусгайлан ариутгал (сан) хийгээд, тахил өргөх тэргүүтэн зан үйл үүссэн аж. 

Нээлтийн үеэр шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан хэлэхдээ “Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хил давуулсан үзмэрүүд их байдаг.Манай залуучууд эх түүхээ сэргээж амилуулах талаасаа Чингис хааны дүр төрхийг харуулсан цуглуулгаар баяжуулж зүрх сэтгэлээ зориулж байгаа нь эх оронч үзлийн илрэл юм. Чингис хаан Үндэсний музейгээс судалгаан дээр үндэслэж, өөрсдийн үзмэрүүдээ нэмж баяжуулсан тусгай үзэсгэлэнгүүдийг тогтмол гаргасаар байгаад талархаж буйгаа илэрхийлье” гэлээ. 

"Их шүтээн: Эзэн Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Академич Т.Дорж , ССАЖЗЯ-ны ТНБД-ын түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, МУИС-ийн антропологи,археологийн тэнхмийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг болон бусад албаны төлөөлөл оролцсон бөгөөд, тусгай үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаад дэлгэгдэж, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Тус үзэсгэлэнгийн онцлох үзмэр болох “Дайны тэнгэрийн дүрээр залрах чингис хааны шүтээн хөрөг”-ийг гэгээн гэрэлт нарны доор, огторгуйгаас товолзсон их утаан дунд, аливаа эрдэнэсийн эмээл, хазаар, хөмөлдрөг хударгаар чимсэн цагаан морь хөлөглөсөн, бат чийрэг дуулга, эрдэнэсийн их хуяг, асар үзэсгэлэнтэй гутал сэлт өмсгөлийг асаажулаан, хөхийг намируулсан молцогт жадыг зүүн мөрөн тушаа нь агсуулан, гурван үет ташуурыг баруун мутартаа болгоож, хүчит жигүүртнийг тэргүүн дээрээ нисгэж, цагаан арсланг баруун эгэмдээ, эрээн барсыг зүүн эгэмдээ дүүлүүлж, хар нохой, хар өтгийг урд хойноо гүйлгэн сүр жавхлантай бөгөөд эрх хүч ихт дүртэйгээр буун айсуйгаар дүрсэлсэн байна.

Зурагт дүрслэгдсэн зан үйлийн утга, агуулга нь тахил үйлдэх төгс эд эдлэлүүдийг нэг бүрчлэн бэлтгээд, ариун үнэрт, арц хүжсийн утаа баагиулж,яруу эгшиглэнт заллагын үг дуудан, урин залж ирүүлээд, сүлд тэнгэр, нөхөд сэлтийг ханган баясгаад, адислал соёрхлыг нь хүртэж, ахуй үесийн аливаа заслыг бүтээгээд, хий биеэрээ нэгэн хамт байхыг бэлгэджээ. 

Монголын Их Юань Улсын үед (1272–1368) улсын багш Пагва лам Лодойжалцан (1235–1280) бээр “Мэдэгдэхүүн машид тодруулсан шастир” зохиолдоо түмэн улсыг байлдан дагуулсан Эзэн Чингис хааныг “Хүрдэн эргүүлэгч Чакравартин хаан” хэмээн нэрийдсэн байдаг. XVII-XVIII зууны үеийн монголын түүхийн сурвалж бичгүүд эртний Энэтхэгийн хамгийн анхны Махасамади (Олноо өргөмжлөгдсөн) хааны домгоор эхэлж, залгаад эртний энэтхэг, төвөдийн номт хаадын тухай өгүүлээд, Чингис хаан тэргүүтэн монголын хаадтай ном хийгээд төрөл дарааллын хэлхээсээр холбон бичдэг уламжлал тогтжээ.