Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО (UNESCO)-ийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (icomos)-ийн шинжээч Ичита Шимода болон ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн Ажлын хэсгийн техникийн уулзалт (2025.08.14)-ыг хийж, олон улсын шинжээчийн зөвлөмжийг сонслоо.
Техникийн уулзалтад төслийн ерөнхий зохицуулагч Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ЭШ-ний удирдагч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, дэд профессор Г.Эрэгзэн, Менежментийн багийн ахлагч, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын дарга асан, Дэлхийн өвийн номинацийн мэргэжилтэн Н.Уртнасан болон гишүүд ССАЖЗЯ-ны мэргэжилтэн П.Алдармөнх, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн НБД, доктор Н.Батболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, Чингис хаан Үндэсний музейн ЭШ-ний ажилтан Ж.Эрдэнэ, соёл судлаач Ц.Самдан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ажилтан Э.Номин нар байлцав.
Хөшөө дурсгал, дурсгалт газрын ОУ-ийн зөвлөлийн шинжээч Ичита Шимода Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн дамнан орших Ноён уул, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан сумын зааг нутагт орших Гол мод, Өндөр-Улаан сумын нутаг Гол мод II зэрэг хүннүгийн хаад, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал, Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Чихэртийн зоо, Ховд аймгийн Манхан сумын нутаг Тахилтын хотгорын хүннүгийн хаад, язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудтай танилцсан талаар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн (Чихэртийн зоо), ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан (Тахилтын хотгор) нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн орон нутгаас Төв аймгийн СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цэцэгжаргал, Музейн захирал Л.Цэнд, ЭША Ж.Энхзул, Баянцагаан сумын соёлын төвийн дарга А.Пүрэвсүрэн, Манхан сумын соёлын төвийн өв соёлын ажилтан Э.Төмөрөө нар оролцов.
Уулзалтын төгсгөлд ЮНЕСКО /UNESCO/-ийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын ОУ-ын зөвлөлийн шинжээч музейн сан хөмрөг, лабораторийн үйл ажиллагаатай танилцаад Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.