Дорнын эдийн засгийн форум энэ жил арав дахь жилдээ ОХУ-ын дорно зүгийн нийслэл Владивосток хотноо эхэллээ.Форумын хүрээнд ОХУ-ын Эх орны түүхийн нийгэмлэгээс эрхлэн "ROSCONGRESS" Time to Act ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Тус хуралд Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун тэргүүтэй эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.
Уг эрдэм шинжилгээний хуралд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, ОХУ-ын ШУА-ийн Байгаль, техникийн шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, шинжлэх ухааны доктор Т.И.Юсупова нар хамтран "Эх орны дайны үеийн Зөвлөлт-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа"-ны талаар илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын нээлтийн үеэр академич С.Чулуунд хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажилласныг үнэлж,"ШУА-ийн Алс дорнодын салбарын Хүндэт өргөмжлөл"-ийг дэд захирал Академич В.Л.Ларин гардуулан өглөө.
Чингис хаан Үндэсний музей нь Алс дорнодын салбарын Түүх, археологи угсаатны хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны дурсгалыг хамтран малтан судлах ба, Оросын талаас Академич, Чингис судлалын Олон Улсын Холбооны Ерөнхийлөгч Н.Н.Крадин төслийг удирдана.
Энэ жилийн хурлын онцлог нь дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой, Зүүн Азийг чөлөөлсний түүхт 80 жилийн баярын өдөр зохион байгуулагдаж буй бөгөөд, хуралд ОХУ-ын ШУА, Гадаад Харилцааны Их сургууль, Москвагийн Улсын Их сургуулийн Ази, Африкийн сургууль, Алс Дорнодын Их сургууль, БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны академи, Харбины Орос судлалын хүрээлэн, Вьетнамын Нийгмийн Шинжлэх ухааны академи, Индонез зэрэг улс орнуудын судлаачид оролцож, 10 гаруй салбар хуралдаанаар хоёр өдөр үргэлжилнэ.